sonin.mn
 
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.04.14/  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай тогтоолын төслийг өргөн барив.
 
Монгол Улс 1998 оноос “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг батлан мөрдөж байна. Өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засаг, гадаад, дотоод орчинд гарсан өөрчлөлт, Монгол Улсад хэрэгжиж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэхүү баримт бичгийг шинэчлэх хэрэгцээ бий болсон. Иймд “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг шинэчлэн боловсруулж мөрдөх шаардлага үүссэн хэмээн үзжээ.
 
 
Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийн тогтоолын төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд нийцүүлэн 8 зүйл, 51 бүлэгтэй боловсруулжээ. Энэхүү баримт бичгийг батлан хамгаалах тогтолцооны үндсийг нэг мөр тодорхойлох, орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлж бүх нийтийн оролцоонд тулгуурласан өөрийгөө батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлах, батлан хамгаалах асуудал улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээнээс бүрдэхийг тусгасан онцлогтой болохыг Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр тогтоолын төсөл өргөн барих үеэрээ УИХ-ын даргад танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.