sonin.mn

Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар өөр байр суурьтай байсан тул УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэхээр болсон билээ. Өчигдөр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ: “Би хоёр сая хүний хувьцааг яах вэ гэдэг хариуцлага хүлээсэн хүн учраас УИХ-д сонгогдоогүй, ард түмнээс мандат аваагүй М.Энхсайхан гэдэг сайдаар 2.1 сая хувьцаа эзэмшигчийнхээ хувь заяаг 70 жилээр өгөөд явуулчихмааргүй байгаа юм. Тийм учраас УИХ-аар заавал оруулах ёстой. Мэдээж том төслөө бүгд явуулья гэж байгаа. Гэхдээ хуулийн дагуу явуулах ёстой.


14 хоногт амжих эсэх тухайд бол орж ирээгүй юмыг ярьж болохгүй байна. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч бид гурав хамгийн сүүлд уулзаад “чи Оюутолгой дээр хийсэн алдаагаа хийж байнаа” гэж Ерөнхий сайдад хэлсэн. Олон хуудастай гэрээ байгуулаад заалт болгоноор нь ороогдоод байгаа. Тэгэхээр дахиж ийм алдаа гаргахгүйгээр хөрөнгө оруулалтын хуулиар гэрээ байгуулна, гэхдээ үндсэн дүрэм, татвараа тогтворжуулах эрх Засгийн газарт байгаа. Тэрнээс одоогийн М.Энхсайханы шинэ, хуучин гэрээнд маш ноцтой заалтууд байгаа. Ямар өртгөөр олборлох, хэнд зарах, ямар тарифаар тээвэрлэх энэ болгоноо өөрөө тогтооно гэж байгаа.
Гэтэл манай бусад хуулиар заавал зах зээлийн үнээр зарах, заавал монгол хүнийг 90 хувьд нь ажиллуулна. 10 хувьд нь гадаадын иргэн байж болно. 10 хувиасаа хэтрэх юм бол сарын нэг сая төгрөгийн цалин авдаг. Энэ бүгдийг мөрдөхгүйгээр өөрөө тохирчихсон байгаа нь аюултай. Тийм учраас яагаад ч ийм гэрээ байгуулж болохгүй.” хэмээсэн юм. Сонирхолтой нь Засгийн газар өнөөдрийг хүртэл гэрээний  төслийг УИХ-д оруулах нь бүү дөнгөж өнөөдөр л  ээлжит бусаар хуралдаж, хэлэлцэж буй.


УИХ-аар энэ төсөл дэмжигдэх эсэх нь 50, 50 хувь байна гэсэн М.Энхсайханы санал бодитой бөгөөд АН-ынхнаас З.Энхболд, Шонхор фракци, МоАХ, МАН-аас М.Энхболдын фракци, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Г.Уянга болон О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ынхан, бие даагчид  гэрээг дэмжихгүй гэнэ. Харин АН-аас Засгийн газарт сайдаар ажиллаж буй гишүүд, Р.Амаржаргал нар, МАН-аас Засгийн газарт сайдаар ажиллааж буй гишүүд болон Сү.Батболд, У.Хүрэлсүхийнхэн, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Засгийн газарт сайдаар ажиллаж буй гишүүд болон МҮАН-ынхан,ИЗНН-ынхан уг гэрээг батлахыг дэмжиж буй ажээ.


Ч.Явуу