sonin.mn
 
 
Турк болон Монгол Улс харилцаагаа сайжруулахаар тохиролцлоо. Туркийн Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилж байна.
Даваа гарагт нийслэл Улаанбаатар хотод Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй Мевлүт Чавушолу хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Манай хоёр улсын одоогийн эдийн засгийн харилцаа болон хоёр талын худалдааны хэмжээ улс төрийн харилцаа болон түншлэлтэй үнэн хэрэгтээ эн зэрэгцэхгүй байгаа бөгөөд түншлэлээс хол хоцорч байна гэж бид бодож байна” гэжээ.
 
Туркийн ГХЯ-ны цахим хуудаст дурдсанаар, хоёр улсын худалдааны хэмжээ 40 сая долларт хүрсэн байна.
 
Чавушолугийн хэлснээр, Турк улс худалдааны хэмжээг 250 сая долларт хүргэх “эрмэлзэлтэй” байгаа бөгөөд ийм хэмжээнд хүргэхийн тулд Туркийн бизнес эрхлэгчид Монголд илүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна.
 
Иргэний агаарын тээврийн “Turkish Airlines” компани Улаанбаатар руу шууд нислэг үйлддэг болсныг сайд сайшаасан ч шууд нислэгийн тоо хангалтгүй байгаа учир тоог нь нэмэх хэрэгтэй гэв.
 
Харин Туркийг манай улс “гуравдагч хөрш”-өө гэж үздэг гэж Монголын сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн юм.
 
Түүний хэлснээр, аялал жуулчлал, барилга, нэхмэл, арьс шир зэрэг салбарт Туркээс туршлага судлахыг Монголын тал хүсч байна.
 
Дипломат академиуд хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт сайд нар мөн гарын үсэг зурсан.
 
Сайд Чавушолу Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй тусгайлан уулзсан юм.
 
Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, тэд хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын асуудлаар санаа бодлоо солилцжээ.
 
Чавушолу нь 1969 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Монголд айлчилж буй Туркийн анхны гадаад хэргийн сайд болж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг