sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшиж буй Гүррагчаагийн Алтанчимэг, Пунцагийн Золзаяа, Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ, Чагдаагийн Хосбаяр нарыг томилуулах Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг авч хэлэлцэв.
Улсын дээд шүүхийн зарим шүүгч гавьяаныхаа амралтад суусан тул тэдгээр орон тоонд сонгон шалгаруулалт зарлахад нийт 19 хүн бүртгүүлснээс эцсийн дүнгээр дээрх дөрвөн шүүгч шалгаруулалтад тэнцжээ. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэдгээр нэр дэвшигчдийн асуудлыг УИХ-д оруулж ирсэн бөгөөд өнөөдөр тус байнгын хороогоор авч хэлэлцсэн нь энэ юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, “Улсын дээд шүүх гэдэг бол манай улсын шүүхийн нүүр царай. Ямар ч хэрэг маргаан голдуу Дээд шүүхэд ирж таслагддаг. Өнөөдөр шүүх хэт шударга бус байна. Улс төрийн хамааралтай байна гэсэн иргэдийн шүүмжлэлтэй санал нэгтэй байдаг. Энэхүү албан тушаалд нэр дэвшиж буй хүмүүст хандаж хэлэхэд, та нар доод шатны алба хашиж байхдаа Дээд шүүхийн ажлыг ямар нүдээр харж, шүүмжлэлтэй хандаж байсан. Тэр байр сууринаасаа ажилдаа шүүмжлэлтэй хариуцлагатай ажиллах хэрэгтэй” хэмээн хэлсэн. Нийт үг хэлсэн гишүүдийн дийлэнх нь  шүүхийн нэр хүнд иргэд хөдөлмөрчдийн дунд ихээр унасан, шүүгчдийн ажилдаа хариуцлагагүй сэтгэлгүй ажилладаг байдлыг халах хэрэгтэй. Шүүгч алдаа гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, хариуцлагаа үүрдэг байх ёстой гэсэн байр сууринаас үгээ хэлж байв. Ингээд гишүүд үгээ хэлж дууссаны дараагаар чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг