sonin.mn
 
АНУ-ын “Time” сэтгүүлийн уншигчид энэ оны хамгийн нөлөө бүхий хүнээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг нэрлэлээ.
“Time-100” санал асуулгад оролцсон уншигчдын 6.95 хувь нь Оросын удирдагчийн төлөө санал өгчээ. Далай лам 1.7 хувь, Ромын пап 1.5 хувь, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 1.4 хувийн санал авсан байна.
 
БНХАУ-ын дарга Си Зиньпин, Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асад, Германы Канцлер Ангела Меркель нар шилдэг 20-ийн тоонд ороогүй аж. Тэд ердөө 0.9-хөн хувийн санал авчээ.
 
Ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэнээ өнгөрсөн ням гарагт албан ёсоор зарласан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон 0.8 хувийн санал авсан бол Украины Ерөнхийлөгч Петр Порошенко 0.7 хувийн санал авсан байна.
 
Өмнөд Солонгосын охидын хамтлаг болох “2NE1” 6.9 хувийн саналтайгаар жагсаалтын хоёрдугаарт орсон бол Америкийн поп од Лэди Гага 2.6 хувийн саналтайгаар гуравдугаарт оржээ.
 
Дэлхийн улс төр, зугаа цэнгэл, бизнес, технологи, шинжлэх ухаан, шашин болон бусад салбарыг хамарсан хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтаа “Time” энэ сарын 16-нд албан ёсоор нийтэд дэлгэх аж.
 
“Time” сэтгүүл 1923 оноос долоо хоног тутамд дугаараа гаргаж эхэлжээ. Харин тус сэтгүүл 1999 оноос хойш “Дэлхийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтыг гаргаж эхэлсэн байна.
2014 оны 11 дүгээр сард АНУ-ын “Forbes”сэтгүүл мөн Путиныг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр нэрлэсэн билээ.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг