sonin.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.04.14/ хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах явцад Төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсохоор төлөвлөсөн байсан ч холбогдох ажилтнууд орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул уг асуудлыг хэлэлцэхийг долоо хоногоор түр хойшлуулахаар шийдвэрлэснийг байнгын хорооны дарга Б.Болор хуралдаанд оролцсон гишүүдэд дуулгасан.

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх илтгэлдээ, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн төсөвт төвлөрүүлдэг орлогоос тухайн орон нутагт хуваарилагдах орлогын хэмжээ хангалтгүй байгаагийн улмаас орон нутгийн засаг захиргаа, ард иргэд уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэх, улмаар уул уурхайн салбарын хөгжлийг удаашруулах сөрөг нөлөө гарч байна.

Уул уурхайн салбараас орон нутгуудад шилжүүлэх орлогын хэмжээг зохистой түвшинд нэмэгдүүлсэнээр уул уурхайн хайгуул, судалгааны ажил эрчимжиж, улмаар Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн илэрц нэмэгдэх нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэлээ.

Өнөөгийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг юм байна. Мөн Канад, Австрали зэрэг улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг мужийн түвшинд татан төвлөрүүлж тухайн орлогыг захиран зарцуулах эрхийг орон нутгийн захиргааны байгууллагад олгодог ажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ж.Батзандан, Д.Дэмбэрэл нарын гишүүд асуулт асууж, тодруулан саналаа хэлсэн юм. Тухайлбал Ж.Батзандан гишүүн хууль батлагдсанаар тухайн орон нутгийн хөгжлийн санд хичнээн хэмжээний санхүүжилт хийгдэх талаар асуусан бол Ч.Хүрэлбаатар гишүүн, Улсын төсвийн хөрөнгө орлого бүрдэхгүй байгаа өнөө үед төсөвт төвлөрүүлж байгаа орлогыг орон нутаг руу шилжүүлнэ гэдэг буруу хэмээн саналаа хэлсэн.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат, орон нутаг ашигт малтмал ашигласны үр өгөөжийг шууд хүртсэнээр жижиг төслүүд орон нутгаас дэмжлэг авч, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах сонирхол нэмэгдэж, улмаар бүс нутгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцоолж буй тухай хэлээд уг өөрчлөлтөд томоохон төсөл хөтөлбөрүүд бус зөвхөн жижиг төслүүд хамаарагдах юм хэмээн хариулсан.

Ингээд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжив.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон. Төсвийн тогтвортой байдлын талаарх хуульд өөрчлөлт оруулах талаарх төслийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

Төрөөс уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих талаар бодлогын нэг хэлбэр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын өрийн хязгаар нь уул уурхайн салбарын хуулийн этгээдэд Засгийн газар хувь нийлүүлсэн хөрөнгө оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан Засгийн газрын баталгаанд хамаарахгүй” гэсэн заалт бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, эрчим хүчний салбарыг дэмжих зорилгоор тус хуульд эрчим хүч болон төмөр замын салбарыг нэмж тусгах шаардлага тулгарч байгаа аж.

Эрчим хүч, Төмөр замын салбарт өнөөгийн байдлаар хэд хэдэн төрийн томоохон бодлого, хөтөлбөрүүдийг баталж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. /Бодлого, хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү/

Дээрх бодлогын хэрэгжилтийг хангах, эрчим хүч болон төмөр замын салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан хэмээн Сангийн сайд танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Дэмбэрэл нарын гишүүд хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа тухайгаа илэрхийлж байв. Харин Р.Амаржаргал гишүүн дээрх асуудлыг байнгын хорооны хэдхэн гишүүн хэлэлцэн шийдвэрлэж байхаар энэ удаагийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх саналтай байгаа тухайгаа хэлж байсан.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Үндэсний аудитын газрын 2014 оны үйл ажиллагааны тайлан болон Концессын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайланг сонслоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.