sonin.mn
 
Уулзалтын эхэнд ноён Янош Адер “Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлыг ярилцлаа. Унгарын тал ЭСЯ-аа сэргээн нээж байгаа явдал нь хоёр улсын харилцаанд тодорхой хувь нэмэр оруулах юм. Монгол Улсаас Унгар улсад суралцах оюутны тоог цаашид нэмэгдүүлэх бололцоотой. Хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр Унгар Улсад суралцаж буй оюутнууд цаашид хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна. Монгол, Унгар улс цаашид эрчим хүч, техник технологи гээд олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрэн бий” гэв. Мөн тэрээр, Унгар Улсаас Монгол Улс руу хийх айлчлалууд тогтмолжиж байгааг онцлон дурдаад, ирэх 05 дугаар сард Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто Монгол Улсад айлчлал хийх болсон нь үүний илрэл юм хэмээн тэмдэглэн хэлэв. Түүнчлэн дөнгөж сая гарын үсэг зурсан хэлэлцээрийн дагуу олон ажил хийгдэх бөгөөд үүнийг Монгол Улсын Их Хурлын зүгээс дэмжин ажиллана гэдэгт найдаж байгаа илэрхийлэв. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адертай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй Унгар Улсын Ерөнхийлөгчийн энэ айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад ихээхэн ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэллээ. Мөн хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Унгарын тал ЭСЯ-аа албан ёсоор сэргээн нээж байгаад баяртай байна гэлээ. Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурлыг 2015 оны 9 дүгээр сарын 15-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буйг дурдаж, Унгарын талаас өндөр хэмжээний төлөөлөгчдөө оролцуулна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд Унгар Улсын Парламент дахь Унгар, Монголын Парламентын бүлгийн дарга Ласло Хорват тэргүүтэй төлөөлөгчдийг энэ оны 06 дугаар сарын 2 дугаар хагаст хүлээн авахад бэлэн буйг мэдэгдсэн юм. Унгарын тал Монгол Улс, Европын Холбооны хооронд 2013 онд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон баталсанд талархал илэрхийлээд, хоёр орны худалдааны нийт эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр урсгалтай болгоход анхаарч, Унгар Улсын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм. Уулзалтын төсгөлд УИХ-ын дарга З.Энхболд Унгар Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол оронд тавтай зочлохыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Б. Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг