sonin.mn
“Хотын хөгжлийн  ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцогчид зөв суурьшилтай, иргэдэд ээлтэй, ногоон хот байгуулахад шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглах хэрэгтэй гэдэгт санал нэгдэв.
Өнөөдөр Тусгаар Тогтнолын ордонд болсон тус эрдэм шинжилгээний хурлыг Нийслэлийн Монгол Ардын намын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулав.
 
Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сундуй хэлэхдээ, “Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдэхээр сүүлийн жилүүдэд хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарж ажиллаж байна. Тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд цогц бодлого хэрэгжүүлэн, шинжлэх ухаанч үзэл дээр тулгуурлаж байж шийдвэрлэнэ гэсэн санал дэвшүүлж байна. Бид хотын хөгжил бол Монгол Улсын хөгжлийн нэг гарц мөн гэж тодорхойлж байгаа. Хотын хөгжлийн нэг амин сүнс бол хүн ам, оршин суугчдын өсөлт. Хотод амьдрахаар ирж байгаа иргэдийг зөв суурьшуулах нь төрийн үүрэг. Энэ үүргээ сайн биелүүлэх ёстой. Хотын хөгжилд популист амлалтаасаа илүү иргэдэд хүрсэн бодлого явуулахыг уриалж байна. Хотод тулгамдаж буй хөрс, агаарын бохирдол, хог, инженер шугам сүлжээний хуучрал, гэр хороолол дахь ядуурал, ажилгүйдэл гэсэн бэрхшээлийг цогцоор нь шийдэхийн тулд дагуул хот, харилцан хамааралтай хотуудыг хөгжүүлэх хэрэгтэй” гэв.
 
Эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн доктор, профессор Л.Даваасүрэн “Хотжилт, хотын өсөлтийг удирдахуй:Онол бодлого, дотоод шилжилтийн асуудал” сэдвээр  илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ, нийт хүн амын 50 орчим хувь нь нийслэл хотод оршин сууж байна. 1990-ээд оноос хойш Улаанбаатар хотод 530 гаруй мянган хүн хөдөөнөөс шилжин ирсэн баримт бий. Улаанбаатар хот амьдралын боломжтой хот болохын хэрээр хүн болгон шилжин ирэхийг бодно. Энэ төвлөрлийг тодорхой түвшинд сааруулах хэрэгтэй. Том хотын гажиг Улаанбаатар хотод үүсээд байгаа. Эхний болон хоёр дахь хотыг харьцуулахад хөгжингүй улсуудад 1.2, харин Улаанбаатар, Эрдэнэт хотыг харьцуулахад 14 дахин их зөрүүтэй байна. Тухайлбал, Эрдэнэтэд 100 орчим мянга, Улаанбаатарт нэг сая 500 мянган хүн амьдарч байна. Хот хөдөөгийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд хөдөө рүү чиглэсэн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд орлогын дахин хуваарилалт, ялгаатай боловсролын системийг бий болгох, тэгш байдлыг нэмэгдүүлэх чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, улс төр болон эдийн засгийн тогтвортой бодлого явуулах хэрэгтэй хэмээн дурдлаа.
 
Үүний дараа БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга, докторант М.Батбаяр “Хотын хөгжил-Чиг хандлага”, ШУТИС, Бизнесийн ухаан, Хүмүүнлэгийн сургуулийн удирдлагын салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Баттүвшин “Агломерац:Хотын хөгжлийн загвар ба боломж”, “Нийслэлийн МАН-ын хорооны дарга Б.Алтангэрэл агсны хүү А.Амарсайхан “Алтангэрэл-Хотын хөгжил” сэдвээр тус тус илтгэл тавив.
 
БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга, докторант М.Батбаяр хэлэхдээ, “Сүүлийн үед олон улсад хотжилтын талаар хүнс, экологийн тогтвортой байдал, төлөвлөлт, онцлог, урт удаан насжилттай хотыг бий болгох, өрсөлдөх чадвартай байх, иргэдийн оролцоотой байх гэсэн зарчим баримталж байна. Аливаа хот суурин газрыг байгуулахад эдийн засагт суурилсан байх ёстой. Манай улсын хувьд уул уурхай дагасан хот, боомт чөлөөт бүсүүдэд бий болох шинэ шинэ хотууд цаашдаа тогтвортой, иргэд нь ажилтай байх ёстой. Иргэд орлоготой байж хот хөгжинө” хэмээн онцлов.
 
Эрдэм шинжилгээний хурлаас гарсан саналыг 2016 онд хотын хөгжлийн мөрийн хөтөлбөрт тусгах аж. Тус эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, ахмад үе, оюутан залуусын төлөөлөл оролцов.
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Гэрэл зургийг Т.Чимгээ