sonin.mn
Ганцаарчилсан уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Албан ёсны хэлэлцээнд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди болон албаны хүмүүс, Унгарын талаас тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цецилиа Силаш, Унгарын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захирлууд, тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөл оролцлоо. Албан ёсны хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил энэхүү айлчлал давхцаж байгааг онцлоод, харилцаа, хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжих боломж дүүрэн байгааг тэмдэглэв. Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд энэ айлчлал зохих үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх шинэ боломж, бололцоо болон олон улсын тулгамдсан асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй болон бусад салбарын харилцааг хөгжүүлэх талаар ярилцаж, энэ нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой хэмээн үзэв. Мөн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Боловсон хүчний яам хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2015-2017 онд хамтран ажиллах хөтөлбөрийг байгуулахаар албан ёсны хэлэлцээний үеэр тохиролцлоо. Ингэснээр  Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монголын 100 хүртэл оюутан Унгарт суралцах боломж нээгдэх юм. Энэ үеэр мөн Унгар Улсаас Монгол Улсад Элчин сайдын яамаа сэргээн нээхээр ярилцав.
Б. Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг