sonin.mn
Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг өнөөдөр /2015.04.15/ нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нарт Монгол хэлний тухай хуулийн танилцуулгыг хийлээ.
 
УИХ-ын гишүүн М.Батчимэг дэлхийн олон орны хэлний бодлогын талаар танилцуулсан. Дэлхийд 6000 гаруй хэл байгааг ЮНЕСКО  бүртгэсэн байдаг. Үүнээс 50 хувь нь мөхөх магадлалтай гэсэн тооцоо судалгаа гарчээ. Мөн даяаршлын давлагаанд англи хэл хүчтэй түрэн орж ирж байгаа өнөө үед монгол хэл, ёс заншлаа хадгалж үлдэх нь чухал юм. Ийм үед монгол хэлний зөв бичих дүрмийн нэгдмэл байдал алдагдсан, шинэ үг, шинжлэх ухааны болон бусад нэр томьёог монгол хэлээр хөрвүүлэх ажил системтэйгээр хийгдэхгүй байгаа, иргэдийн монгол хэлний мэдлэг, боловсролын түвшин буурсан, төрийн байгууллагуудын албан бичгийн боловсруулалт, сонин сэтгүүл, радио, телевизийн хэл найруулга муудсан нь монгол хэлний тулгамдсан асуудал болоод байгаа гэлээ.
 
Тиймээс эдгээр асуудлыг зохицуулахаар Монгол хэлний тухай хуулийг санаачлан, УИХ-ын намрын чуулганаар батлуулсан бөгөөд одоо хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулах нь зүйтэй гэлээ. Үргэлжлүүлэн тэрээр Монгол хэлний тухай хуулинд орсон гол зохицуулалтуудыг онцлон танилцуулсан. Тухайлбал, монгол хэлний хэрэглээг хуульчилсан, улсын хэмжээнд зөв бичих нэгдмэл дүрэмтэй, нэгдмэл толь бичигтэй болох тогтолцоо бүрдсэн, нэр томьёоны орчуулга цэгцэрч, үгсийн сангаа тогтмол баяжуулдаг болсноор монгол хэлээр явагдах шинжлэх ухааны сургалт, судалгааны чанар дээшилж, дунд сургуулиудад монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлийн сургалт, түүний агуулга тогтворжих нөхцөл бүрдэж байгаа юм.
 
Хуулийн танилцуулгын дараа УИХ-ын гишүүн М.Батчимэг нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нарын сонирхсон асуултад хариулт өгсөн. Уулзалтад оролцсон багш нар хуулийн талаар тодорхой ойлголт авч чадлаа. Энэхүү хууль нь цаг үеэ олсон, хэрэгжихэд хүндрэл үүсэхгүй гэдгийг хэлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.