sonin.mn
 
 
 
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдыг орон нутагт ажиллах үеэр Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаатай иргэдийн сонирхож байсан асуудлуудын хүрээнд ярилцлаа. 
 
-Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар ямар өөрчлөлт орсныг очиж ажилласан сум бүрт иргэд ихэд сонирхож байна. Энэ өөрчлөлтүүдээс хэлж өгнө үү?
 
-Өмнө нь хэдий хугацаагаар ажиллаж байснаасаа шалтгаалаад 12, 18, 24 сарын тэтгэмжийг төрийн үйлчилгээний ажилчид тэтгэвэрт гарахдаа авдаг байсан бол одоо сүүлийн гурван жилийн ялангуяа эрүүл мэнд, боловсрол, соёл спортын салбарын ажилчид сүүлийн гурван жилийн цалингийнхаа дунджийг ажилласан жилээрээ үржүүлээд авах боломжийг энэ хуулиар өөрчилж оруулсан. Тэгэхээр боловсрол, эрүүл мэндийн байгууллагын ажилчид энэ тэтгэмжийг авахад ашигтай хувилбараар асуудал шийдэгдсэн.
 
-Эрүүл мэнд болоод боловсрол, төрийн үйлчилгээний салбарын ажилчид 3-5 жил ажиллаад урамшуулал авдаг, харин туслах ажилчид авдаггүй гэж олон хүн ярьж байна шүү дээ?
 
-Хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор урамшуулал хасагдах шахсан. Гэхдээ энэ бол сум орон нутагт, ялангуяа мэргэжлийн боловсон хүчнээ байршуулах төрийн бодлого учраас намын бүлгийн нөхдийн дэмжлэгтэйгээр энэ асуудал хэвээр үлдсэн. Өөрөөр хэлбэл 3, 5 жилд авдаг хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч, багш нарын урамшуулал хэвээрээ үлдсэн, харин туслах ажилтнуудын хувьд бол тэтгэвэрт гарахдаа ч энэ урамшуулалд хамрагдах боломжгүй. Яагаад гэхээр мэргэжлийн эмч, сувилагчийг тэнд байгаа жолооч, тогооч хэзээ ч орлож чадахгүй учраас туслах ажилтнуудад биш нутгийн мэргэжлийн боловсон хүчнүүдэд үйлчилнэ гэж ойлгох хэрэгтэй. Харин тэтгэмжийн хувьд бол урьд нь туслах ажилтнууд авдаггүй байгууллагынхаа үзэмжээр гурван сарыг авдаг байсан бол одоо шинэчлээд Засгийн газарт өргөн барьсан журмаар туслах ажилтан ялангуяа эмнэлэг, сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа жолооч, тогооч, үйлчлэгч, асрагч нар тэтгэвэрт гарахдаа эмч, багш нартай яг адилхан тэтгэмж авахаар болсон.
 
-Эмнэлэгт дугаарладаг асуудал иргэдийг ихээхэн бухимдуулдаг тухай М.Энхболд даргын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хүмүүс ярьж байна. Энэ тал дээр ямар нэгэн зохицуулалт орсон уу?
 
-Энэ хууль хэрэгжих болсноор иргэн таны эмнэлэгт оочерлодог, заавал нэг улсын эмнэлэгт очиж өчнөөн хоног зардал чирэгдэл болдог байдал тань өөрчлөгдөнө. Яагаад гэвэл өнөөдөр шинээр батлагдсан эрүүл мэндийн хуулиараа та эмнэлгээ сонгох эрхтэй болно. Энэ долдугаар сарын нэгнээс хойш ийм бүрэн эрхтэй болно. Өөрөөр хэлбэл танд хаана чанартай, шуурхай, аюулгүй тусламж хүргэж чадна тэр эмнэлгийг та өөрөө сонгоно. Таны сонгосон эмнэлэгт эрүүл мэндийн даатгал улсын эмнэлэг байна уу, хувийн эмнэлэг байна уу хамаагүй үйлчлэх болно. Иргэн бүр өөрийн гэсэн цахим карттай болно. Тэр цахим картаа тухайн эмнэлгийн картын машинд уншуулаад төлбөрөө хийгээд улсын, хувийн эмнэлэг гэхгүй аль, алинд нь үйлчлүүлж болно.
 
-Үзлэг оношлогоог давхардуулдаг, эмийн үнэ хэт өндөр байдаг талаар хүмүүс бас шүүмжлэлтэй хандаж байна?
 
-Энэ даатгалын хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор хамгийн түрүүнд иргэн танд ялангуяа өндөр өртөгтэй мэс засал бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна түүнд хэрэглэгдэж байгаа эм, эмнэлгийн хэрэгслүүдийн үнэ нь даатгалаас санхүүжих болсон. Тэгэхээр та ийм өртөгтэй эмнэлгийн тусламж авах юм бол даатгалаас тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ. Таны төлөх мөнгө багасах, зарим үед үнэ төлбөргүй эмчилгээ, үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
 
-Цалингийн нэмэгдлийн асуудал ч орон нутгийн иргэдийн сонирхож байгаа бас нэг асуулт болж байна?
 
-Гурван талт хэлэлцээр 2015 оны нэг сард болсон. Ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтарсан хэлэлцээр хийсэн юм. Хэлэлцээрийн дагуу өндөр настнуудын маань тэтгэвэр нэмэгдсэн. Харин төрийн албан хаагчдын цалин удахгүй нэмэгдэх гэж байна. Одоо төрийн үйлчилгээний албаныхны цалин эхний ээлжинд нэмэгдэнэ. Энэ маань цалингийн 10 орчим хувиар, хугацаа нь долоон сарын нэгэн үү, таван сарын нэгэн үү гэдэг нь ҮЭХ-той хугацаагаа тохирсны үндсэн дээр нэмэгдэнэ. Тийм учраас цалин нэмэгдэх тухай асуудал тун удахгүй сар орчмын дараа шийдэгдэнэ.
 
Т.АЮУ