sonin.mn
Манай орон болон Япон улсын хоорондын стратегийн түншлэлийн хүрээнд 2010 онд хоёр улс, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар тохиролцсон. Тохиролцооны дагуу 2012 оноос хойш манай улсын холбогдох яамд долоон үе шат бүхий хэлэлцээрийг  хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад албан ёсны айлчлал  хийх  үеэрээ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулан гарын үсэг зурсан юм. 
Хэлэлцээрийн гол зорилго нь хоёр улс хоорондын худалдаа хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийн хөнгөвчлөхөд оршиж байгаа юм. 
Энэхүү хэлэлцээрийг хүнс, хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэгчдэд  сурталчлан   таниулах  “Эдийн засгийн түншлэлийг танилцуулах форум” өнөөдөр Чингис хаан зочид буудалд боллоо. Форумыг нээж  ХХАА-ын сайд Р.Бурмаа  хэлсэн үгэндээ  “ Энэхүү форум нь Монгол-Японы бизнес эрхлэгчдийн хооронд түншлэл тогтооход чиглэсэн цуврал арга хэмжээний анхных  нь  болж байна. Ялангуяа тус салбарт Японы стандарт, өндөр технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг татах, улмаар Монголын хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан органик хүнсний бренд бүтээгдэхүүн бий болгон Японы зах зээлд нийлүүлэх ажлыг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм” хэмээн онцоллоо. 
Форумд хүнс, хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэгч 100-аад аж ахуй нэгж  оролцож  мэдээлэл  авч,  санал бодлоо солилцсон юм. Ирэх зургадугаар сард энэ хэлэлцээрийн Японы талын төлөөлөгчид ирж салбарын бизнес эрхлэгчид болон албаны хүмүүстэй уулзах юм байна.