sonin.mn
Германы агаарын тэээврийн Lufthansa компани өөрийн салбар болох Germanwings-ийн нислэгээр зорчиж яваад хоёрдугаар нисгэгчийн санаатай үйлдэлд өртөн амь насаа алдсан зорчигчдын ар гэрт 50 мянган еврогийн нөхөн төлбөр олгож эхлээд байна. Испанийн Бар­селона хотоос Германы Дюссельдорф руу нисч байсан онгоцонд нисэх багийн гишүүд нийлсэн 150 зорчигч явж байсан билээ. Тэдний ихэнх нь герман, испани үндэстнүүд байсан юм. Lufthansa өчигдрийг хүртэл 80 тохиолдолд ийм хэмжээний нөхөн төлбөрийг өгөөд байгааг төлөөлөгч нь мэдэгдлээ.
 
Ирэх баасан гаригт Германы баруун хэсгийн Кёльн хотын сүмд Germanwings-ийн агаарын ослоор амь үрэгдсэн хүмүүсийг оршуулах ёслол болно. Германы канцлер Ангела Меркель, Ерөнхийлөгч Иоахим Гаук,  Lufthansa-гийн тэргүүн Карстен Спор нар оршуулгын ажиллагаанд оролцохоор болжээ. Ослоор амь үрэгдсэн зорчигчийн ар гэрийнхэн шаардлагатай бичиг баримтыг ирүүлсэн даруйд 50 мянган еврогийн санхүүгийн тусламжийг олгох болно хэмээн Германы агаарын тээврийн компанийн төлөөлөгч ярилаа. Энэ нөхөн төлбөр нь яаралтай санхүүгийн тусламж бөгөөд зорчигчдын ар гэрийнхэн даатгалын компаниудаас нөхөн төлбөр нэхэмжлэхэд нөлөөлөхгүй аж.
 
Germanwings-ийн Airbus 320 агаарын хөлгийн 4U 9525 нислэгийг Allianz группын Allianz Global Corporate & Specialty компанид 285 сая еврогоор даатгуулсан байна.
 
Хямд төсөр нислэг үйлддэг Germanwings авиакомпанийн Airbus 320 нисэх онгоц гуравдугаар сарын 24-нд Франц дахь Альпийн нурууг мөргөн сүйрсэн юм. Хоёрдугаар нисгэгч Андреас Любиц агаарын хөлгийн даргыг бүхээгээс гарсны дараа бүхээгийг түгжиж онгоцыг санаатайгаар доошлуулан уул мөргүүлсэн билээ. Любиц бүхээгт ганцаараа үлдэнгүүтээ агаарын хөлгөө огцом доошлуулж уул мөргүүлсэн болохыг хоёр хар хайрцагны бичлэг нотолсон юм. Сүүлд ил болсон мөрдөн шалгалтаар Андреас Любиц сэтгэл гутралд нэрвэгдэж, эмнэлгийн хяналтад байдаг байсан, ослын өмнөх өдөр амиа хэрхэн хорлох талаар интернэтээр судалж байсан нь тогтоогдсон юм. Энэхүү аймшигт хэрэг явдлын дараа Европын агаарын тээврийн компаниуд нисэх онгоцны бүхээгт нэг нисгэгч үлдээж болохгүй, заавал цаг үргэлж хоёр хүнтэй явж байна гэсэн дүрэм журмыг нэвтрүүлэхээс өөр аргагүй болж байна.
Н. Мөнхжин
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин