sonin.mn

Улсын Их Хуралд суудалтай бүх намууд, ЗГ-ын анхааралд


Миний бие Ховдын хязгаарын ард олонтойгоо уулзаж тэдний санал бодлыг сонсохоор ирж ажиллаж байна.

Саяхан Засгийн газар Оюу толгойн төслийн санхүүжилтийн гэрээг батлахаар хуралдаж шийдэлд хүрсэн гэдэг мэдээлэл ирлээ.

Сайханбилэгийн ЗГ утасны мессежээр авсан саналынхаа дагуу Оюу Толгойн төслийн санхүүжилтийн гэрээг хийх зөвтгөл бий болгосон гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Ерөнхий сайд Сайханбилэг чухам ямар зүйлийг Рио Тинто компанитай тохирохоор улайрч байгаа талаар надад тодорхой мэдээлэл байгаа тул би ард түмнээ төлөөлсөн УИХ гишүүний хувьд та бүхэнд анхааруулж байна.
1) Оюу толгой компанийн төлөх байсан $130 сая ам.долларын татварыг Татварын Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл $30 сая ам.доллар хүртэл бууруулсан байгааг би та бүхэнд танилцуулж байсан. Гэтэл төслийн санхүүжилтээр далимдуулан, төслийн санхүүжилттэй огт хамаагүй татварын асуудлыг “Эвлэрэлийн гэрээ” гэгчээр цайруулж төлөх хэмжээг нь $30 сая ам.доллар болгохоор тохирч байгаа нь анхнаасаа манай Татварын алба буруутай байсан мэт сэтгэгдлийг олон улсад төрүүлэх, алдаагаа хүлээн зөвшөөрсөн гэсэн далд утга агуулсан байна. Манай татварын албаны ийм цайлган гэмшилт бидэнд ямар үнэтэй тусах болоо. Олон улсын хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн орчин биднийг юу гэж үзэх вэ?

2) Өнөөдөр Засгийн газраар төслийн санхүүжилтийг хэлэлцүүлж байгаа нь тогтсон горим, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд би маш их эргэлзэж байна.

3) Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 30/65/59 дүгээр хамтарсан тушаалаар байгуулсан "Оюу толгой" ХХК-ийн зардлын хэтрэлтийг баримтанд үндэслэн шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтээр Оюу Толгой компани нь ХОГэрээ байгуулах үед ТЭЗҮ-д заасан 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардлыг 2 тэрбум ам.доллараар хэтрүүлэн зарцуулж, улмаар 1.4 тэрбум ам.долларыг ямар ч баримтгүй илүү зарцуулсаныг 2 жилийн турш судлан баримтаар нотлосон. Гэтэл энэхүү зардлын хэтрэлтийг “эдийн засгийн хүндрэлийг давах” гэсэн малгайн дор Рио Тинто компаний талд шийдэх гэж байгаа нь хамгаас хариуцлагагүй үйлдэл гэдгийг хатуу анхааруулж байна.

4) Төслийн санхүүжилтийн гэрээг үзэглэж зурахаасаа өмнө хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд зөрчигдөж байгаа үйлдэлүүд, анхлан тохирсон зарчмуудаа дахин эргэж харах зайлшгүй шаардлагатай. Төслийн санхүүжилт зурагдсанаар хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээнүүдэд төслийн зээл төлөгдөж дуустал буюу 15 жил бид ямар ч өөрчлөлт хйиж чадахгүй. Бид хууль эрх зүйн маргаан ч гаргах боломжгүй болохоор байна.

5)Төслийн санхүүжилтээр авч байгаа эх үүсвэр нь бидэнд ашигтай нөхцөл бий болгож чадах уу, эсвэл бидний одоогийн байгаа нөхцөл улам дордох уу? Надад байгаа мэдээллээр төслийн санхүүжилтийн эх үүсвэр Рио Тинто компани дээр төвлөрөхөөр байна. Энэ ямар учиртай вэ? Тэдний хүчтэй атгалт, хяналтанд бид орох юм биш биз ээ,

5) Өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах гол хэрэгсэл нь Оюу Толгойн төслийн санхүүжилтийг зөвшөөрөх явдал гэж харж байгаа нь туйлын буруу юмаа. Бид эдийн засгийн хүндрэлийг асар их баялгаа 60 жилээр золиосолж байж давах нь үнэхээр зөв шийдэл биш ээ.

6) Хэрэв дээр дурдсан асуудлыг анхааралдаа авалгүй Рио Тинто компаниас ирүүлсэн баримт бичигт Монголын Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурсан тохиолдолд албан тушаалдаа хайнга хандсан хүмүүсээс хатуу хариуцлага нэхэх болно гэдгээ мэдэгдье.

7) Миний бие энэхүү томилолтыг дуусгаад Улаанбаатар хотод буцаж очоод энэ асуудлаар баримт түшин хэвлэлийн бага хурал хийх болно.

Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар