sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад 4 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв. Унгарын Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр өндөрлөж эх орондоо буцлаа. Эрхэм зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, албаны бусад хүмүүс үдэж мордуулав.
 
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог болсон юм. Уг айлчлал ихээхэн үр дүнтэй болсныг Монголын тал онцолж байгаа юм. Тухайлбал, Унгарын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Боловсон хүчний яам хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2015-2017 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Ингэснээр Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монголын 100 хүртэл оюутан тус улсад суралцах боломж нээгдэж байгаа юм.
 
Унгарын тал Монгол Улстай байгаль орчин, ус цэвэршүүлэх, мод тариалах, мал аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн Сонгино дахь Биокомбинатыг иж бүрэн шинэчлэн Монголын малыг эрүүлжүүлэх эм, бэлдмэл үйлдвэрлэх боломж, нөхцөлийг сайжруулж, био мах, хүнсний бүтээгдэхүүнийг Ази, Европын зах зээлд нийлүүлэх өргөн боломж байгаа гэв. Ингэснээр  Унгар Улс Европ дахь Монголын ложистикийн төв байж болно гэлээ.
 
Мөн ирэх тавдугаар сард Унгарын тал Улаанбаатарт ЭСЯ-аа сэргээн байгуулахаар боллоо.
 
Айлчлалын үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзсан юм.
 
Эх сурвалж: president.mn