sonin.mn


Монголоо алдсан... хэмээн газар сайгүй л дуу алддаг болжээ. Монголоо алдсан...гээд араас нь новш, туучий, хүүр, гичий, улаан туг, мал, амьтан...янз бүрийн хараалын үгс залган чулуудах нь нэн дарамттай, залуучууд бол голдуу пизда гэж залгах нь бий.

Олон хувьсалгүй, гүдэс монгол эр би нэгийг бодож, ерѳѳсѳѳ алдaгдсан Монголоо олж авъя, авчиръя, үүрч ирье байз, гэсэн шүү юм сэтгээд сураггүй эрэлд гарахаар шийдэв. Хаашаа явахаа ч мэдэхгүй барьц алдаж, хаа байгааг нь хэлээд ѳгѳѳч гэж хавьтсан ойртсон амьтан хүнээс асууж сураглав, алдагдсан монгол хүний ажиг сураг гарсангүй.

Хан тэнгэрийн хаяа, Хайрхан уулын бэл хүрч, сѳгдѳн сууж сураг тавив, ээж хад, эмээ модноос хүртэл сүсэглэн байж асуув, олигтой хариу сонссонгүй. Лам, хуврага, мэргэч, тѳлгѳч, зѳнч,бѳѳч нараас царайчлан бѳхийж асуув, тодорхой юм хэлсэнгүй. Цахим ертѳнцийн мэдээллийн далайд умбан шумбан сэлж, элдэв сайт, архив ухаж тѳнхѳн эрээд ч үр дүн гарсангүй.

Монголоо алдаж нүгэл хураасан эхийгээ тамын ёроолоос олж авсан Молом тойны үлгэрээс санаа аваад тамд очиж асуухаар шийдэн, тойны сүнсий нь дуудан байж тайлбар сонсов.

Монголоо алдана гэх нь хүн бодь сэтгэлээ алдахыг хэлмой, монгол бодь сэтгэл тамын ёроолд хэвтэж байж магадгүй л юм, тиймийн учир дээрээс, бодь сэтгэлийг чинь хулгайлсан зэтгэрийн 100 тамыг алгасахгүй дамжиж эдлээд, ёроолоос нь бодь сэтгэлээ олж авуут даруй буцахдаа 100 тамыг дахин дамжиж, нэг бүрчлэн цайруулж чадваас чи монголтойгоо үлднээ гэж Молом тойны сүнс эш тольдон болгоов.

Зон олныхоо тамыг цайлгахад манлайлан оролцоё гэсэн бадрангуй тэмүүлэлд хѳтлѳгдѳн, хоёргүй сэтгэлээр нэгэнт шийдсэн монгол эр хүн би там руу зүглэн зам шулуудав.

 

Майн там. Там гэх аварга том орон зай нь майн тамаар эхэлдэг юм байна, май сар гэсэн үг биш, утаа гэсэн үг болох нь ойртож очуут л тэр дороо тодорхой болов. Ормогц даруй хоолой хатангиртан сѳѳж уг хавьдаа хорсон, шүлсээ залгих бүр хѳндүүрлэн сүйдтэй юм болох нь тэрээ. Алхамын газар ч харагдахгүй битүү утаанд хахаж цацан сажлахдаа амьд хүнийг ингэж утаж болдын байж дээ, ямар тарвага зурам биш дээ, гэж бодуут, тэнд утуулж байгаа  бум түмэн хүнийг хартал, намайг шинкоов гэж ѳрѳвдѳж байгаа ч юм алга, харин ч бүр эсэргээр за яршигдаа, бѳѳн май дотор амьдардаг байж энэ муу үхэр, юун маягтай юм гэх аястай ширэв татацгааж байв. Хүүхдүүд их, бүр нялх үрс ч тэнд байна. Хорт утаанаас патологийн ѳѳрчлѳлтѳд орчихсон, хүн гэж хэлэхэд ч хэцүү хачин сонин амьтастай ч тааралдав. Хѳл дор нэг юм тээглэхээр нь тонгойгоод ажтал, шар шүдээ ярзайлгаж, халууны жингэр шиг амаа ангайлгасан дэрсэн шаахайтай, нэг муу пѳѳвийсѳн хан үндэстэн болтой юм хэвтэж байхад нь бас л маньтайгаа адил үйл тамаа эдлэж яваа амьтан байна даа зайлуул гэсэн шүү юм бодоод хѳлѳѳрѳѳ хажуу тийш нь зайлуулчихаад цааш сажлав. Амь тавин алдан хѳхүүлж ханиалгасаар тэндээс гарч дараагийхаа там руу зүглэлээ.

 

Хогон там.  Хогийн тамд хүмүүс хогноосоо ялгарах юм байхгүй, хогтойгоо холилдон хоног тѳѳрүүлнэ. Үнэр танар бол арай дэндүү, Эрээний нийтийн бие засах газраар орж үзсэн хүн бол тиймэрхүү гээ л гадарлачихад болно.

Хогон дотор мутацид ороод хулганын хэмжээнд хүрч томорсон жоомнууд гүйлдэнэ. Хүмүүс нь хог түүж иднэ, хогноос ѳмсѳж зүүнэ, хогон дотроо унтаж нойроо авна. Монгол хүн тэнд амьдрах нь бүү хэл аварга жоомы нь хараа л үнхэлцэг нь хагарчихаар юм, гэхдээ амьдраа л байх юмаа. Хогийн дүүрэг, хэсэгүүд нь, арай л Цагандаваа, Улаанчулуут гээгүй, ямартай ч тодорхой нэртэй юм билээ. Ам хамраа таглан, хахаж цацан тэндээс ямартай ч амьд шүү гарч цааш гэлдэрлээ.

Атгаг сэтгэлийн там. Ил юм гэж байхгүй, бүх юм дотогшоо, хорон санаагаа далдалсан хүмүүсийн орон зай. Ѳнгѳн дээрээ диваажин ярьж байгаад цаагуураа идэмхий натри шиг хѳнѳѳнѳ. Итгэмтгий, цайлган монголчуудыг жинхэнэ тамалдаг газар ёстой энд л байна. Бушуухан холдохын түүс болов.

 

Улс тѳрийн тамын тогоо. Энд эрхэм намчид оршдог юм байна. Намгүй бол хичнээн шударга, сайн хѳдѳлмѳрлѳѳд нэмэргүй, амьдралын цорын ганц үнэлгээ нь намаа хайрлах. Ямар нэг нѳлѳѳ бүхий нам дагахгүйгээр амьдрал байхгүй, уул нураагч, ус үерлүүлэгч байгаад ч хүчгүй, нам дагаагүй хүн бол хичнээн зүтгээд ч лүнпэнгээр л үлдэнэ. Улс тѳрийг бол ёстой алмайртал, дагжтал, залхтал ярьцгаана, яриандаа халан агуу ихийн дэмийрэлд орж солиорцгооно. Нам бүхнийг хийнэ, бүтээнэ, мэднэ, чадна, зална, удирдана, амьдралын хувь заяаг шийднэ...ингээд итгэчихсэн. Энэ тамын тогооноос гарах гэсэн нэгийгээ амьдралгүй болгоно, нам бүр ѳѳр дорноо заавардана, тулгана, үл зѳвшѳѳрвѳл сонгуульд суудал ѳхгүй гэдгээр тээглэж, заналхийлнэ. Улс тѳрийн тамын тогоондоо хүмүүсийг амьдаар нь чанаж, түлх гэдэг чанарыг гаргаж ирнэ. Тулх нь гарч ирсэн нэг нь жаргана, тулх нь гарч ирээгүй үйлтэй бусад нь тэндээ хоосон чанагдсаар байгаад илжирнэ. Улс тѳрд ур чадваргүй бойдоо хүнд бол жинхэнэ там.

 

Авилгын хаан, аварга наймаалж. Нэг л аварга амьтны тэмтрүүл болтой бохир ус соруулагч нийлэг хоолой шиг юм ѳмнѳ сунаж ирээд сая долл. санал болгож хариуд нь ой тойнд орохын аргагүй юм шаардах нь тэр. Тамын тэр орон зайг сүлжээ үүсгэн ороосон тэмтрүүлүүд их мѳнгѳ амлаж элдвийн юм нэхцгээнэ, зарим нь хүзүүгээр ороон шахалтанд оруулна. Авилгын хаан нь хэдэн млрд доллар сарвайж эх орноо худалдахыг санал болгоно. Тэмтрүүл бүр ѳѳрт зохицсон шанагатай, нийтийн тогооноос хамаг л муу сайн арга, чарга чадал, ухаанаа заран байж шанагадна. Шанаган доторхиосоо чимх чимхээр дотнын хүмүүстээ хувь хүртээнэ. Арай гэж  мажийдгийн даваан дээр тэндээс, тэмтрүүлээс мултран  гарч амжив.

 

Архин там, мансуурах дон, ядуурлын там, хүүхдийн там, ѳвчин ороосон там, шуналын там, хулгайн там, зэтгэ, жатга, цаг идэгч, хүч сорогч, ховын тулам, худалчийн там, тумын там, тумчын там, түгжрээ там, түйтгэрийн там... гээд ѳдий тѳдий тамуудыг дамжин явсаар нэг сонин тамд ирлээ.

Жѳтѳѳ хѳгжүүлэх там. Маань хѳгжүүлэх л гэж сонссоноос жѳтѳѳ хѳгжүүлэх гэж байдгийг дуулаагүй бибээр энэ сонин нэртэй там руу орж явчихав. Жѳтѳѳ ихэдвэл чѳтгѳр болно гэж байдгийг гэнэт саналаа. Мэдээж тамын л газар юм хойно яаж ч бодсон олигтой л юм биш гэж бодсон, гэлээ ч там алгасаж болохгүй гэсэн болохоор буцах зам байсангүй.

Баахан хүүхнүүд тойрч суугаад нэг юм хэлэлцээд байгаа болтой, эмсийн л газар юмаа даа гэж бодогдов. Яриандаа улайрсан тэд хүн ойртож очихыг ч анзаарах сѳхѳѳ алга. Манай найз харандаан ѳсгийтэй гутал авчихсан байна, тэхээр нь би энийг авсым гээд нэг авхай хагас метр хадаасан ѳсгийтэй гутал үзүүлнэ, бусад нь яанаа ямар гоё юм бээ гээд боож үхэх гэж байгаа ямаа шиг хоолой мэдэн ёнгинуулна.

Далайн дээрэмчин шиг ѳрѳѳсѳн нүдээ баадагначихсан булиа эр ойртож ирснээ, би нүдгүй байхад чи муу лалар нүдтэй байхдаа яадын гэнгүүт юү юүгүй нүдий минь бүлт үсэртэл цохиж орхив. Ѳрѳѳсѳн нүдгүй болсон би ѳвдѳлтѳндѳѳ дэмийрэх шахан чичигнэсээр цааш алхтал, хэсэг жѳтѳѳчингүүд гүйж ирээд хамаг хувцсы маань тайлж аваад ѳѳрсдѳѳ ч хэргэлсэн юмгүй сэг болгож орхив. Амь наанатай, там цаанатай арайхийж тэндээс гарлаа.

 

Цэвдэгийн там. Гаднаас нь хальт ажихуйд, албан ажил үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн л суудаг там болтой юм. Хүйтэн биш орчинд сууцгаах мѳрт, харахад нэг л тийм зэвүүн, жихүүн. Хүмүүс нь мѳсѳн хүн шиг гѳлийнэ, юм асуугаад хариу авна гэдэг ойлголт байхгүй. Гар харсан, юм нэхсэн хүйтэн харцанд нь нүд царцан, мѳс залгичихсан аятай гол руу хүйт оргино. Бүгдээрээ шкаф шиг хайрцган дотор сууцгаана, тѳрѳх тасгийн цонх шиг нүхээр тэдэнтэй харьцах боломжтой, асуугаад хариу байхгүй юмнуудтай харьцаад ч яах юм билээ дээ гэж бодогдмоор. Тэндээс зугтаах шахуу гүйж гарав, удаан тэсэхгүй юм билээ.

 

 Луйврын там. Оронгуут л нэг тамчин цаг асуугаад, за ѳѳрѳѳ харчихья гээд цагий минь тайлаад авчихлаа. Гайхаад хартал, за зүүж л байя, ѳгнѳ л гэж байнаш дээ хэмээн уцаарлав. Унаж явсан морий маань нѳгѳѳ нь ѳѳрийхѳѳ юм шиг аваад, дараа ѳгнѳѳ гэж хэлэнгүүт мордоод талийв. Гурав дахь нь дѳхѳж ирснээ хармаа нэгжиж хэдэн зоос байсныг шууд л зээлээд авчихав. Зүгээр ч гүй, чиний бутархай мѳнгѳ бүү хэл хэдэн саяар нь луйварддаг юм гэх сонсогдов. Харилцан биесээ тойруулаад луйвард, зээлсэн бол олсон гэж бод, зээлдүүлсэн бол гээсэнд тооц гэсэн янзын хууль тэнд үйлчилнэ.  Хамаг юмаа хуу луйвардуулаад нохой явган, гахай нүцгэн үлдсэн би гэдэг хүн тэндээс гаран цааш газар хороов.

 

Шѳрхѳн гацаа буюу адгийн там Энэ нь 99 дэх там. Ойртоод очтол намайг тэнд оруулсангүй, ѳргѳдлѳѳ бич гэв. Ѳргѳдлѳѳ бичээд очтол үг үсгийн алдаатай байна, дахиад бич гэв. Гайгүй сайн засаад очтол шинэ журам гарсан, ѳргѳдѳл хэрэггүй, хүснэгт бѳглѳ гэв. Хүснэгтий нь бѳглѳѳд очтол санал аваад ир гээд туулаад ѳнгѳрсѳн 98 тамын нэрийг ѳгч байна, буцахаас аргагүй болов. Би сайн дураараа танай тамд орох гэсэн юм гээд 1000 удаа тайлбарлаад нэмэр болсонгүй, адагий нь аваад дэлэм дээр нь гэгчээр энэ хүрчихээд хаяад явж чадсангүй. Арайхийж нэг юм саналы нь бүрдүүлээд ортол алхам тутамд ямар нэг цаас шаардана. Тэр болгоны нь гүйцээх гэж явсаар энэ тамд 7 жилийг ѳнгѳрѳѳв. Хүн бүр гацааг давах ѳѳрийн болгож эзэмдсэн аргатай, аргагүй нэг нь ѳлбѳрч үхнэ. Хэн чадсан нь амьд үлдэнэ гэдэг ѳвѳрмѳц хууль тэнд үйлчилнэ.  Шѳрх гэсний учрыг сая л оллоо. Малчид бярууны хамрыг хурц үзүүртэй модоор шѳрлдѳг дѳѳ, тэрүүн шиг л юм байна. Сүү олж долоох гэсэн тэлээ бяруунд шѳрх бол тамын гацаа л даа.

 

Тамын ёроол буюу бүтээгчдийн там Энэ бол бодь сэтгэлийг хулгайлдаг там, хүний бурхан сэтгэлийг бузарладаг орон зай. Бүтээх гэж оролдсон, юм хийх гэж зүтгэсэн, шударгаар явах гэсэн, манлайлах гэж мэрийсэн, оюуны хѳдѳлмѳр эрхэлсэн, ном бүтээл туурвисан гээд сайн юм хийх гэсэн бүх хүн энэ тамд унаж сэтгэлийн зовлонгоо эдлэнэ, бачуурна, зарим нь давж даахгүй сэтгэцийн ѳвчинд нэрвэгдэнэ. Баялаг бүтээгчид бүгд дарамтлуулна, шударга ёсыг баримтлагчид доромжлуулна, мѳрѳѳрѳѳ гүдэс хүмүүс элдвээрээ дуудуулна. Хамгийн хэцүү там бол сэтгэлийн там байдаг юм билээ, тиймээс ч бүх тамын гүн ёроолд нь оршдог ажээ.

Тэндээс ядарсан зүдэрсэн монгол бодь сэтгэлээ олж аваад буцахдаа 99 тамыг дамжин эдлэв, зүгээр ч гүй зарчим ёсоор цайруулсаар явав. Хичээвэл сэтгэнэ, оролдвол бүтнэ гэж болохооргүй юм ч бодитой болдог л юм билээ. Монгол түмний минь очих, ойчих цэг тамын ёроол л лавтайяа биш баймаар!

И.Цэрэнхүү