sonin.mn
БСШУЯ,НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын  танхим” байгуулах бөгөөд уг танхимд зориулсан тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ажиллагаа лхагва гарагт болов.
Эхний ээлжинд  11 аймаг болон нийслэлийн ЕБС, насан туршийн боловсролын төв, их дээд сургуулийг түшиглэн 20 танхим байгуулах юм. НҮБ-ын ХАС-гийн Суурин төлөөлөгч Наоми Китахара “Бидний хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн төслийн гол зорилго нь эерэг, хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий, амьдрах ухааны чадвартай залуу иргэнийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэхүү зорилгод хүрэх нэг гол арга зам нь амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхимууд юм” гэдгийг онцолж байв.
 
Амьдрах ухааны боловсрол нь залуу хүмүүсийн ажил амьдралд нэн чухал чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэдэг. Амьдрах ухааны чадваруудад хувь хүний нийгэм сэтгэл зүйн чадварууд байдаг. Ялангуяа бусадтай зөв харилцах, сэтгэл хөдлөлөө хянах, эрүүл, идэвхтэй, аюул эрсдэлгүй, бүтээлч амьдралаар амьдрахад чиглэсэн зөв шийдвэр сонголт хийхтэй холбоотой чадварууд багтдаг.
 
Эдгээр багц чадварт өөртөө итгэх, бусдыг ойлгож, мэдрэх, төлөвлөлт хийх, стрессийг зохицуулах, хүчирхийлэл, хорт зуршил, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх зэрэг орж байна. "Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхим"-аар өсвөр үеийнхэн, залуучуудад эерэг, аюулгүй, таатай орчин бүрдүүлж, амьдрах ухааны чадварт сурч боловсрох олон сонирхолтой боломжоор хангахаар хамтрагч талууд төлөвлөж байгаа юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг