sonin.mn
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа. 
 
-Казиногийн тухай хуулийг УИХ- аар хэлэлцэж эхлээд байна. Ер нь Монголд казино байгуулах нь зөв эсэхэд та ямар суурьтай байна вэ. Нөгөө талаас эдийн засгийг тэтгэх нэг хөшүүрэг болно гэж үзсэнээр энэ хуулийг оруулж ирсэн. Казиногийн эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг хэрхэн харж байна вэ? 
 
-Олон орны туршлага, казинотой холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, орчин үеийн техник технологийн дэвшил зэргийг харгалзаж үзвэл казино аялал жуулчлалын нэгэн том бүрэлдэхүүн хэсэг болжээ гэж харж байна. Олон жил уламжилж ирсэн манай соёл, түүх, онгон байгаль зэрэгт нэмэгдээд орчин үеийн казиног байгуулбал аялал жуулчлалын хөгжилд ач холбогдолтой гэж бодож байна. Казиног дагадаг янз бүрийн сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, бууруулах талд олсон олон улсын ололт амжилт, туршлагыг сайн судлах шаардлагатай. 
 
-Уг нь эдийн засгийг дэмжих, төсөвт тодорхой хэмжээгээр нэмэрлэх үүднээс казино байгуулахаар ярилцаж байгаа. Гэтэл үүнээс олох орлогыг юунд зарцуулахаа заавал хуульчилж өгье гэдэг саналыг зарим гишүүн гаргасан. Ингэж орлогын зарцуулалтыг хатуу хуульчлах нь хэр оновчтой юм бол?
 
 -Татвар улсын төсөвт төвлөрнө. Мөнгө мөнгөө танихгүй гэдэг. Тэгэхээр казиногоос олох орлогыг ийм зүйлд зарцуулна гэж хуульчлах нь популист арга гэж бодож байна. Харин авах татвараа төсөвт төвлөрүүлд- гээрээ төвлөрүүлээд юунд зарцуулахаа УИХ төсөв хэлэлцэх үед шийдээд явах нь зүйтэй. Төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр байна уу, оюутнуудын тэтгэлэг, их, дээд сургууль, зам барихад зарцуулна уу тэр нь нээлттэй байг л дээ. -Юу юугүй үзэглэх гэж байсан гэрээг УИХ-ын дарга “УИХ татаж хянах хэрэгтэй” гээд гацаасан. Гэтэл УИХ-аар хэлэлцэх 14 хоногийнх нь тэн хагас өнгөрчихөөд байхад Засгийн газар бэлэн гэрээгээ өргөн бариагүй л байна. Харин энэ хооронд төрийн гурван өндөрлөг, төсөл хариуцагч сайд нар өөр өөр байр суурь илэрхийлээд өвөр зуураа толхилцоод байх юм. Энэ ойлгомжгүй байдал яаж төгсдөг бол? -Маш хариуцлагагүй үйл явдлууд өрнөөд байна. Тавантолгойн гэрээг Засгийн газар эцэслээгүй байхад УИХ-ын Тамгын газраас гишүүдэд Тавантолгойн гэрээний төслийг тарааж, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн /ҮАБЗ/ гурван гишүүн болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар тус бүртээ өөр байр суурь илэрхийлчихлээ. Үүнд би их харамсаад байгаа юм. Учир нь улс орны томоохон асуудлаар бодлого гаргадаг Монголын төрийн ёс жаяг алдагдлаа гэж харж байна. 
 
-Том асуудлаар шийдвэр гаргадаг төрийн бодлого алдагдлаа гэж байгаагаа тодруулна уу? 
 
-Өмнө нь ийм том асуудлаар төрийн шийдвэр яаж гарч байсан, яаж гарах ёстой вэ гэдгийг товчхон тайлбарлая. Мэдээж эхлээд хэлэлцээр хийнэ, дараа нь хэлэлцээрийн үр дүнг Засгийн газар хурлаараа хэлэлцэнэ. Гэрээг болж байна гэж үзвэл Засгийн газар гэрээний төслийг ҮАБЗ-д өргөн барьж шийдвэр гаргуулна. Үүний дараа УИХ-д өргөн барих ёстой юм. Урьд өмнө нь Оюутолгой болон Тавантолгойн төсөл ингэж л явж ирсэн. Гэтэл яагаад ч юм Тавантолгой дээр энэ процесс дуусаагүй байхад улс төр өрнөчихлөө л дөө. Төрийн шийдвэр гаргадаг эрэмбэ дараалал алдагдаж байна. ҮАБЗ-ийн хурал дээр Ц.Элбэгдорж, З.Энхболд, Ч.Сайханбилэг нар олон талаас ярьж ойлголцох ёстой. Гэтэл энэ гурван хүн олон нийтийн өмнө ил гараад хоорондоо хэрүүл хийчих юм. “Төр ч дампуурчээ” гэж олон нийт ойлгож хүлээж авч байна. Ингэж болохгүй ээ. Энэ гурван хүнд би маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ гурван хүний байр суурь нэг болоогүй байхад Монголын ард түмэн ингэж улстөржих нь аргагүй шүү дээ. Тэгэхээр эхний ээлжинд энэ гурав хоорондоо учраа ол, ойлголц гэдэг шаардлагыг л тавимаар байна. Дараа нь УИХ-д өргөн барих хэрэгтэй. 
 
-Энэ зөрүүтэй байр суурьтай зэрэгцээд УИХ-ын дарга, мега төсөл хариуцаж байгаа сайдтайгаа хэвлэлээр дайтаад байгааг та харж л байгаа байх.Төсөл хариуцаж байгаа М.Энхсайхан сайд УИХ-ын даргын мэдэгдлийг эрс эсэргүүцсээр байгаа. Гэтэл спикер “Ганцхан хүнээр том гэрээ хийлгэж, тоглуулахгүй” гэх юм? 
 
-Энэ бол зүгээр хийрхэл. Эхлээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав хоорондоо учраа ол. Тэд нэг нам биз дээ. Миний байр суурь ийм л байна. Үүний дараагаар хэн нэгнийг муулмаар байгаа бол амаа цууртал муулж болно, хоолойгоо сөөтөл хашгирч ч болно.
 
 -“М.Энхсайханы шинэ гэрээнд ч, хуучин гэрээнд ч маш ноцтой заалтууд бий” гэдгийг УИХ-ын дарга хэлээд байгаа. Энэ ямар учиртай вэ?
 
 -Засгийн газар энэ гэрээг эцэслээгүй, УИХ-д өргөн бариагүй байна. Гэтэл далдыг хардаг юмуу, эсвэл тэр гэрээ хэлцэлд нь оролцоод байгаа юм уу, урьдчилаад янз бүрийн юм яриад байх юм. Үнэхээр харицлагагүй, утгагүй гэмээр үйл явдлууд өрнөөд байна. Гар дээрээ албан ёсны хувилбарыг аваагүй байж хийрхээд яах вэ дээ. Тэр тусмаа ард түмэнд худлаа мэдээлэл тарааж болохгүй биз дээ.
 
 -Энэ их хэл ам, маргаан мэтгэл- цээний дүнд Тавантолгойн гэрээ Монголын ард түмэнд ач тусаа өгө- хөөр, сайн нөхцөлтэйгөөр батлагдах гарц танд харагдаж байна уу?
 
 -Ер нь энэ их хэл ам сайн зүйл дагуулахгүй. Би өмнө нь Оюутолгой, Тавантолгойн гэрээг хийж байсан. Гэрээг эцэслээгүй байхад хэзээ ч, хаана ч янз бүрийн яриа гаргаж байгаагүй. Эхлээд хэлэлцээрээ хийж Засгийн газарт танилцуулдаг, дараа нь Засгийн газар гэрээнийхээ төслийг ҮАБЗ- өөр хэлэлцүүлж удирдамж авдаг. Тэгээд УИХ-д өргөн мэдүүлдэг ийм л эрэмбээр явж ирсэн. Хэвлэлээр дайтаад, хэл амаа ололцохгүй байхын оронд эхлээд бүх зүйлээ ном журмынх нь дагуу хий, дараа нь хэлэлцүүлгээ хий л гэмээр байна. 
 
-Ер нь Тавантолгойн гэрээ яагаад ингэтлээ олны анхааралд ороод, дээр дооргүй энэ талаар шуугиад эхэлчихэв. Хаанаа алдаа гаргасан болоод энэ төсөл ингэтлээ улстөржив? 
 
-Процедурын хувьд маш том, ноцтой алдаа гарсан. Гэрээг эцэслээгүй байж хорвоо дэлхийгээр зарладаг нь хаанахын ёс вэ. Ийм зүйл урьд өмнө байдаггүй л байсан санагдах юм. Түүхий гэрээн дээр хүмүүсийг хооронд нь байлдуулаад байгаадаа л гол учир нь байгаа юм.
 
 -Танай намын бүлгээс сонгуулийн ямар систем ашиглахыг Ард нийтийн санал асуулгаар шийдье гэсэн. Гэтэл АН-ынхан төдийгүй СЕХ-ны зүгээс “Ийм боломжгүй, их хэмжээний зардал гарна” гээд байгаа. Үнэхээр тийм их хэмжээний зардал гарах хэрэг үү? 
 
-АН-ынхан ард түмнээсээ санал авахаас айж байгаа нь л тэр. Айж байгаа учраас дэмжихгүй гэж байгаа юм. Намын жагсаалтаар хүн шургуулахыг л бодож байгаа байхгүй юу. Гадуур ард түмэнтэй уулзаад явахаар бүгдээрээ “Томилолтоор УИХ-д суудаг байдлыг зогсоо” гэж байгаа. Өөрөөр хэлбэл, ард түмэн жагсаалтын гишүүдийг “Томилолтын хэд” гээд нэрлэчихсэн байна шүү дээ. Ард түмнээсээ айгаагүй л юм бол шударгаар өрсөлдөх хэрэгтэй. 
 
Эх сурвалж:  "Монголын үнэн" сонин