sonin.mn

Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-НАМЗХ-ны VII бага хурлаас таныг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон. Ерөнхийлөгч түр эзгүй байгаа учраас та энэ албыг давхар хариуцна гэсэн үг үү?

 -НАМЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болон ерөнхий нарийн бичгийн дарга нар өөрсдийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бага хурал дээр гаргасан. Хүсэлтийн дагуу хурлаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж миний бие Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон юм. Мөн НАМЗХ-ны Ерөнхийлөгч гадаадад суралцаж байгаа, чөлөө хүссэнтэй холбогдуулан дүрмийн дагуу ерөнхийлөгчийн үүргийг НАМЗХ-ын V бага хурал хүртэл түр гүйцэтгэх үүрэг хүлээгээд байна.

 -Бага хурлаар ямар асуудал хэлэлцэв. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-НАМЗХ-ны VII бага хурал энэ сарын 11-нд болж өнгөрсөн. Энэ удаагийн бага хуралд бүх аймаг, дүүргээс нийт 170 гаруй НАМЗХ-ны удирдах албан тушаалтан оролцож бага хурал маань 88 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Мөн дүрмийн хүрээнд хийгдэх шаардлагатай зарим асуудлыг хэлэлцсэн байгаа. Тухайлбал, НАМЗХ-ны дүрмийн хүрээнд холбооны их хурлыг дөрвөн жилд нэг удаа хийх ёстой. Үүнтэй холбогдуулан НАМЗХ-ны V их хурлыг зарлан хуралдуулах шийдвэр, товыг гаргасан. Ирэх зургадугаар сарын 18-20-нд зохион байгуулахаар боллоо. Бага хурлын гишүүд маань хурлаар хэлэлцэж гаргасан бүх шийдвэрийг 100 хувь санал нэгтэйгээр, ардчилсан зарчмаар нээлттэй хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэ ч үүднээсээ хурал маань зорилгоо биелүүлсэн гэж үзэж болно.

-Удахгүй болох Их хурлынхаа бэлтгэл ажлыг хийгээд эхэлчихсэн үү?

-VII бага хурлаас гарсан шийдвэрийн хүрээнд Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилсон. Одоо хоёр сарын хугацаа байна. Их хурлын бэлтгэл ажлыг хариуцлагатайгаар зохион байгуулах шаардлагатай. Их хурлаар хэлэлцэх асуудлыг товч танилцуулахад, холбооныхоо дүрэм журам, цаашид хийх арга хэмжээ, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт гэх зэрэг олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Их хурлын төлөөлөгчдийг сонгох журмыг баталсан. Аймаг, дүүрэг бүрээс 11 төлөөлөгч сонгохоор болсон байгаа.

-НАМЗХ цаашид залуучуудад хандсан ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Хуулийн төсөл боловсруулж байгаа сурагтай байсан?

 

-Өнөөдөр Монголын нийт хүн амын 70 гаруй хувийг залуучууд эзэлж байна. Ажилгүйчүүдийн 70 гаруй хувийг мөн л залуучууд эзэлдэг. Залуу хүний амьдрал ямар байхаас хамаарч, Монгол Улсын ирээдүй ямар болох нь тодорхой юм. Энэ ч үүднээсээ НАМЗХ үеийн үед залуучуудад тулгамдаж ирсэн асуудлыг шийдэх, залуучуудын дуу хоолойг нийгэмд хүргэх, эрх ашгийг нь хамгаалахын төлөө ажиллаж ирсэн, цаашид ч зүтгэх болно. Холбооны зүгээс залуучуудад тулгамдаж байгаа асуудал болгоныг шингээсэн, шийдвэрлэх арга замыг нь тодорхойлсон бодлогын баримт бичигтэй болохын тулд Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулахаар ажиллаж байна. Энэ асуудлыг бид V их хурлаар залуучууддаа танилцуулна.

 -Уул уурхайн дэд сайдтай уулзаж байгаа учраас салбар тойрсон асуудлыг асуухгүй өнгөрч болохгүй нь. Өнөөдрийн байдлаар Таван- толгой маргаантай байна. Уул уурхайн дэд сайдын зүгээс та ямар байр суурьтай байна вэ?

- Ер нь улс орны нийгэм, эдийн засагт үр нөлөөтэй томоохон төслүүдийг ашиглах ёстой юу, гэвэл ашиглах л ёстой. Хамгийн гол нь зарчмын хүрээнд зөв хийх нь чухал. Энэ ч үүднээсээ Засгийн газрын зүгээс энэ асуудлыг УИХ-д танилцуулахаар болсон. Тэрнээс Тавантолгойтой холбоотой асуудлыг улс төржүүлээд байх шаард лагагүй. Аливаа төрийн байгууллагын харилцааг тэр дундаа Засгийн газар, УИХ хоорондын харилцааг Үндсэн хуулиар зохицуулаад өгчихсөн байдаг. УИХ-ын дарга, дэд дарга нарын тавьж буй зүйл хууль зүйн хувьд эрх олгогдсон асуудал гэж ойлгож байна. Ер нь аливаа зүйлийг бид илүү зарчим талаас нь харах ёстой байх.

-Манай улсад сүүлийн үед шил шилээ дарсан олон уулзалт болж өнгөрлөө. Тухайлбал, “Эдийн засгийн” чуулган, “Сoal Mongolia” гэх мэт. Уулзалт хийсний үр дүнд гадаадын хөрөнгө оруулалт эргэн сэргэх боломж хэр харагдаж байна вэ?

-Уул уурхайн салбар эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн хамааралтай энэ цаг үед хамтарсан Засгийн газар байгуулагдаад ажиллаж байна. Орлого талаас нь авч үзвэл 2014 оны байдлаар гэхэд төсвийн орлогын 21.9 хувийг, экспортын орлогын 83.0 хувийг, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 68.7 хувийг дангаар бүрдүүлж байна. Гэтэл нүүрс, зэс, төмрийн хүдэр гээд уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний зах зээл ер нь хүнд, үнэ нь уналттай байна. Төмрийн хүдрийн үнэ гэхэд жилийн өмнө 120 ам.доллар байсан бол одоо 40 ам.доллар хүртлээ буурлаа. Сүүлийн 10 жилийн түүхэнд байгаагүй доод үнэ рүү орчихлоо, цаашид ч нэмж унахаар байна Зэс, алт, нүүрсний хувьд үнэ бас сайнгүй байна. Бид 2020 он хүртэл дэлхийн зах зээлд бүтээгдэхүүний нийлүүлэлт нь эрэлтээсээ давж ихэсч байгаа энэ дэлхийн өрсөлдөөнт зах зээлд байр сууриа хэрхэн олж авах, бэхжүүлэх вэ гэдэг бол маш том сорилт болж байна. Энэ үед гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх итгэлийг бий болгож, эрх зүйн орчинг илүү тодорхой болгох хэрэгтэй байна. Уул уурхайн салбарт тулгамдаж байгаа олон асуудал, ялангуяа том төслүүдтэй холбоотой асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай.

-Гацууртын ордыг ашиглах юу болсон бэ. Ноён уулыг ухуулахгүй гэж иргэд өлсгөлөн зарласан. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Яг Ноён уулыг ухаж булш бунхан хэргэсүүрүүд хөндөх гэж байгаа бол хамгаалах ёстой. Бид ч гэсэн түүнийг хамгаалахын тулд ярих ёстой. Орон нутгийн зүгээс тавьж байгаа байгаль орчин, соёлын өвтэй холбоотой шаардлагыг сайтар авч судлах үүднээс БСШУЯ-ны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Мөн дээр нь хууль эрх зүй, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт, уулын технологи зэрэг олон асуудлаар ул суурьтай дүн шинжилгээ хийх, тооцоо судалгаа хийх шаардлагатай. Тиймээс холбогдох ажлыг хийж байна.

-Энэ хаврын чуулганаар Уул уурхайн салбартай холбоотой ямар хуулийн төсөл орох вэ?

 -Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцааг зохицуулж буй эрх зүйн зохицуулалтыг эргэн харах хэрэгтэй. Салбарын онцлогийг харгалзан үзэх шаардлагатай юм. Энэ нь олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ хаврын чуулганаар үүнтэй холбоотой нэг чухал асуудал орж байгаа. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг өргөн бариад хэлэлцүүлж байна. Энэ конвенц нь уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн цогц бодлогыг тодорхойлох суурь баримт бичиг болох юм. Холбогдох эрх бүхий байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхойлж, осол гэмтлийг мэдээлэх, тайлагнах, судлах, шалтгааныг олж илрүүлэх, осол гэмтлийн талаар үндэсний мэдээллийн сантай болох зэрэг нөхцөлийг бүрдүүлэх юм.



С.ИЧИНХОРЛОО

 Эх сурвалж: "Монголын үнэн" сонин