sonin.mn

Даргадаа “эсэргүү” болж харагдаад байгаа, жирийн гишүүддээ шинэчлэгчид гэгдээд буй хэсэг залуустай уулзлаа. Тэд эрийн цээнд хүрсэн АН-д эрс шинэчлэл хийх цаг нь болсон гэж үзэж байгаа юм байна. Ингээд М.Мөнхжаргал, П.Галиндэв, О.Цэлмэг, Э.Бямбацэрэн нартай ярилцсанаа толилуулъя.

 

-Ардчилсан намын 25 жилийн ой тохиож байна. Хэдхэн хоногийн өмнө баярын хурал нь боллоо. Гэхдээ энэ хурал алга ташилт дунд өрнөсөнгүй. Уриа лоозон барьсан хэсэг залуус, тухайлбал та бүхэн энэ хурлын уур амьсгалыг арай өөр болгох шиг болсон. Энэ нь АН дотоод ардчилалтайг харуулах арга байсан юм уу, эсвэл албан тушаал авах гэсэн шантааж байсан юм уу?

 

- Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн түүхт баяр энэ жил тохиож байна. Энэ ойн баяр бол зөвхөн ардчилсан намын баяр гэхээс илүүтэй, Монгол улс  олон намын тогтолцоонд шилжиж, тайван замаар улс төр, эдийн засгийн эрх чөлөөг авчирсан үйл явдлын баяр гэж бид боддог. Энэ эрх чөлөөг авчрахын төлөө өвлийн тэсгэм хүйтэй, хаврын хар хавсарганд, өөрсдийгөө золин зүтгэсэн ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтнүүд, партизанууд нийт намын гишүүддээ ойн баярын мэндийг юуны өмнө хүргэж, та бүхний үйл хэрэг, эр зоригоор бахархаж явдагаа илэрхийлье. Баярын хурал дээр өрнөсөн үйл явдлыг хүн бүр өөрсдийн харах өнцгөөр, эсвэл өөрт ашигтайгаар тайлбарлаж байна. Уг нь бол бид албан тушаал авъя гээгүй. АН-аа дүрэм журам нь хэрэгждэг, бодлогын нам болгоё гэсэн юм ш дээ. Зарим хүмүүүс гайхаж байгаа байх. Яагаад залуучууд нь ойн баярын хурал дээрээ гэнэт уриа лоозон барив аа гээд. Тэр тусмаа ардчилсан намд үүнээс өөрөөр болохгүй байгаагаа илэрхийлэх арга байдаггүй юм уу ч байна. 25 жилийн ой дээрээ АН-ынхан зөвхөн баярлаад, өнгөрсөн түүхээрээ бахархаад алга ташилтан дунд өнгөрүүлж болох байсан байх. Харин бидний залуус тэгж болохгүй гэж бодсон. Өнгөрсөн 25 жил дандаа дардан байгаагүй. Цаашид улс орны өмнө хийж гүйцэтгэх үүргийнхээ тухай бас ярилцах ёстой. Энэ 25 жилийн хугацаанд энэ нийгэмд авчирсан ололт амжилт их ч гэсэн алдаа бас байсан. Алдаа оноогоо нээлттэй ярилцаач ээ, баярын хурал гэхээсээ илүү бодлогын хурлыг зохион байгуулаач ээ гэдэг үүднээс энэ үйл ажиллагааг зохион байгуулсан.

 

-Уриа, лоозон чинь их содон байсан. Хаалга цонхоо нээ, бүгчим байна гээд л... Өмнө нь намынхаа удирдлагуудад энэ асуудлыг тавьж байсан юм уу?

 

-Мэдээж хүргэлгүй яахав. Баярын хурлаас өмнө гэхэд л намын удирдлагуудад гурван зүйлийн шаардлага хүргүүлж байсан. Намын ротаци болон удирдах байгууллагад салхи оролгүй тав зургаан жил болсон байна, энэ бүхнийгээ эргэн сэргээгээч ээ. Дээрээс нь үндсэн дүрэм байгаа. Улс бол хуультай, нам бол дүрэмтэй байдаг. Нэгэнт л дүрэм гэж байгаа юм чинь түүнийхээ дагуу л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Үүнийгээ биелүүлээч ээ гэдэг шаардлагыг хугацаатай хүргүүлж байсан. Хариу өгөөгүй учир ингэж илэрхийлсэн.

 

-Тэр гурван шаардлага бол З.Энхболд гэдэг хувь хүн рүү нь хандчихсан байх шиг санагдсан.

 

-З.Энхболд гэдэг хувь хүн гэхээсээ илүү АН-ын дарга гэдэг үүднээс хандсан л даа. АН-ын дарга өнөөдөр З.Энхболд гэдэг хүн байгаа учраас л түүнд хаяглагдсан хэрэг. Өөр дарга байсан бол тэр хүнд л хандах байсан. Энэ бол маргаад, мушгиад гуйвуулаад байх асуудал биш. АН-ын ҮЗХ-нд ротаци явуулалгүй тав зургаан жил болчихож байгаа юм. Тэгэхээр энэ бол одоогийн дарга гэхээс илүү өмнөх хоёр даргад ч хамаатай асуудал.

 

-Харин тийм, Н.Алтанхуяг, даргын үед ч энэ асуудал явж л байсан. Н.Алтанхуяг дарга бол одоогийн даргатай адилхан л намынхаа Их хурлаас биш ҮЗХ-ноос сонгогдсон дарга байсан. Дээрээс нь ҮЗХ-ны 40 гаруй суудал бол бараг 2012 оны сонгуулийн дараа л орон гарсан шүү дээ. Ийм байхад чив чимээгүй явж байгаад З.Энхболд дарга тамга авахаар гаргаад ирэх нь хувь хүн рүү нь дайраад байх шиг сэтгэгдэл төрүүлж байна л даа.

 

-Зарим намын гишүүдийн дунд ингэж хардаж байгаа хандлага бий. Мөн үнэхээр цаг нь болсон. Та нар харин зоригтойгоор энэ асуудлыг гаргаж ирж байгаад баяр хүргэе гэх хүн ч байна. Хэнээс хэнд хандсан бэ гэхээс илүү энэ нам шинэчлэгдэх ёстой юу үгүй юү гэдэгт л гол асуудал байгаа юм. Юуны өмнө З.Энхболд дарга дүрмийн биелэлтийг шаардаж гарч ирсэн хүн. Тийм ч учраас энэ асуудлыг халгалгүй барьж аваад шийдээсэй гэж хүссэн учраас л хандсан.Зөвхөн ардчилсан нам гэлтгүй бүх намын өмнө тулгамдаж буй асуудал бол улс төрийн намын төлөвшил, ил тод байдал. Тухайлбал санхүүжилтийн асуудал. Хэдэн төгрөг хэнээс аваад яаж зарцуулав гэдэг нь бараг хаалттай байдаг сэдэв. Өнөөдөр Монгол Улс шилэн дансны хууль батлаад төрийн байгууллагууд нь санхүүгээ ил тод болгоё гээд санаачилгууд явж байна. Гэтэл эднээс илүү хамгийн түрүүнд санхүүжилт нь ил тод байх ёстой бүтэц бол улс төрийн нам гэж бодож байна. Тэгж байж бизнесийн бүлэглэлүүдээс, ангид байж бодлогын нам болон хөгжиж чадна. Энэ бол бидний шинэчлэх гээд байгаа зорилтын бас нэг хэсэг. Мөн намууд зөвхөн албан тушаал эрх мэдлийн төлөө явдаг бүлэглэлүүдийн бөөгнөрөл байх юм уу, эсвэл улс орны өмнө хөгжлийн бодлогоо гаргаж ирээд түүгээрээ уралддаг бүтэц байх юм уу гэдэг асуудал маш хурцаар тавигдаж байна. АН маш богино хугацаанд бодлогын, ухаалаг нам болж өөрчлөгдөх ёстой. Тэгж байж нөгөө яриад байгаа ухаалаг төр маань бий болж, улс орны хөгжлийг 10, 20, 50 жилээр төлөвлөж, уламжлал, шинэчлэлээ хослуулсан, тогтвортой бодлого хэрэгжүүлж чаддаг бодлогын институт болно.

 

Бид хаалга цонхоо нээ бүгчим байна гэсэн лоозон барьсан. Хүмүүс “та нар үгээ хэлж чаддаггүй юм уу, АН тийм хаалттай нам юм уу” гээд байгаа. Бид зөвхөн өөрсөд дээрээ үүнийг тусгаж хэлээгүй юм л даа.Ер нь гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн, тодорхой хэмжээнд ажлын туршлагатай болчихсон маш олон шилдэг, чадвартай залуус байна. Төрийн бодлогод оролцох гэхээр намуудын хаалга хаалттай байдаг. Зөвхөн дарга нар тойрсон тэр хүрээллээс л томилгоо явж байдаг. Энэ жишиг бол нуултгүй аль аль намд л байгаа. Тийм учраас нийгмийн сэхээтэн залуустаа хаалга цонхоо нээж өгөөч ээ, бодлогоороо нам дотроо өрсөлддөг байя гэсэн л зүйлийг бид хүсч байгаа. Гишүүдийн хариуцлагын тухай мөн ярьж байгаа. Нам бол дотроо алдаа оноогоо засч чаддаг, амьд механизм байх ёстой. Тийм учраас төрийн албанд очоод алдаа дутагдал гаргадаг хүмүүст хариуцлага тооцож чаддаг механизм байх ёстой. Ялангуяа Засгийн газар, УИХ-ын түвшинд. Өнөөдөр УИХ-д ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцооны үнэр ч алга. Ёс зүйн ямар ч алдаа гаргасан, хариуцлага тооцохоосоо илүүтэй бүлэглэлүүд нийлж хамгаалах тухай л яригдаж байх жишээтэй. Энэ бол эрх баригчдийг бүрдүүлдэг намд өөрт нь ёс зүйн хариуцлага тооцдог механизм байхгүйтэй холбоотой. Тийм учраас АН энд үлгэрлэж, дүрэмдээ тодорхой заалтууд суулгах цаг болсон гэж байгаа юм. Жишээ нь, давхар дээлгүй байх ёстой гэсээр байгаад Засгийн газраа унагасан УИХ-ын гишүүн маргааш нь Засгийн газрын гишүүн болоод л явж байна. Хоёрдугаарт салбарын бус томилгоо хэрээс хэтэрсэн. Жишээ нь мэргэшсэн дипломат хүн барилгын салбар удирдаад сууж байна. Энэ бол боловсон хүчний бодлого хэрхэн алдагдасны энгийн л нэг жишээ.

 

-АН аян явуулж, намын гишүүд дундаа дүрмийн төслөө хэлэлцүүлсэн биз дээ. Та нарын яриад байгаа энэ бодлогын нам болох зорилтууд тэр төсөлд нь тусч чадсан уу?

 

-Намын дүрмийн шинэчлэлий асуудал 2013 оноос намын анхан шатны байгууллага, аймаг, дүүргүүдийн намаар хэлэлцэгдэж байсан. Тухайн үед жирийн гишүүдээрээ хэлэлцүүлж санаа, оноог нь сонссон уу гэвэл сонссон. Гэхдээ гишүүдээс гарсан тэр саналуудыг ажил болгож, тусгах талаар хэн ч ярьсангүй. Тэр дүрмийн төсөлд авах юм ч бий, гээж, сайжруулах зүйл ч бий. Тухайлбал намын удирдах байгууллага болох ҮЗХ бол талцаж бүлгэлдэг биш, шилдэг санаачлага төрж гардаг ухаалаг бүтэц байх ёстой. Өнөөдөр хэн нь хэдэн хүнтэйгээрээ өрсөлддөг бүтэж болж хувирсан. Сонгууль дөхөж байна. Улс төр хэт халуурахаас өмнө бид энэ асуудлаа цэгцэж авах хэрэгтэй. Хугацаа алдах тусам улс төрийн зөрчилд орж, бодлогын өөрчлөлтүүд орхигдох вий гэсэн болгоомжлол байна.

 

-Та бүхний тайлбарыг нэлээд сонслоо. Харин АН-ын дарга З.Энхболд арай өөрийг яриад байгаа шүү дээ. “Нийслэл, дүүрэг, сумдын ИТХ-д сонгогдож үзээгүй хүүхдүүд УИХ-д нэр дэвшихийн тулд ийм юм яриад явж байна. Эхлээд шат шатандаа яв. Уяачдын холбооны дарга гээд УИХ-ын гишүүн болчихдоггүй юм” гэсэн утгатай ярилцлага өгсөн байна лээ. Та бүхний гол зорилго юу юм бэ. УИХ-д нэр дэвших үү. Ер нь та бүхэн АН-д хэзээ элссэн юм бэ?

 

-Бид бас З.Энхболд даргын ярилцлагыг харсан л даа. Шат дараалалтай, анхан шатнаас нь явах ёстой гэсэн байна лээ. Үүнтэй санал нэг байна. Бид өчигдөр АН-ын батлах аваад өнөөдөр шинэчлэл ярьж байгаа залуус биш л дээ. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд энэ намын анхан, дунд шатанд удирдах ажил хашсан, ИТХ-д дэвшээд унах үедээ унаж, сонгогдох үедээ сонгогдож байсан хүмүүс. Ард түмний итгэлийг аваад тухайн шатандаа АН-ын бодлогыг хэрэгжүүлээд явж байгаа залуус. Төрд ажилласан туршлага ч бидэнд бий. Гэхдээ ингэж хэлснээрээ “Бид УИХ-д нэр дэвшинэ” гэж санаагаа илэрхийлж байгаа юм биш. Ер нь бол бид энэ намын төлөө санаа зовох эрхтэй залуус шүү гэдгээ илэрхийлж байна. Ирээдүйд бид АН-ын эд эс нь байх учраас намынхаа дүрмийг тогтвортой, зөв гольдролд нь оруулъя гэдэг утгаар энэ асуудлуудыг тавьж байгаа.

 

-Яагаад та бүхэн энэ асуудлаа Н.Алтанхуяг даргын үед ярьж болоогүй юм бэ. АН-ын одоогийн дарга З.Энхболд ч иймэрхүү байр суурь илэрхийлсэн байна лээ?

 

-Өмнө нь ч бид намын шинэчлэлийн талаар ярьж байсан. Тухайн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиуд болж байсан учраас түр хойшлуулсан. Одоо яригдаад байгаа дүрмийн шинэ төслийн хэлэлцүүлэг ч тэр ажлын хүрээнд хийгдэж байсан. Бид өнөөдөр яг цаг нь гэж харж байгаа. Харамсалтай нь намын дарга маань шаардлага хүргүүлэхээр хариу өгдөггүй, уулзъя гэхээр хүлээж авдаггүй. Ийм л байдалтай байна. Ер нь гишүүдтэйгээ уулздаггүй, үгийг нь сонсдоггүй ийм даргатай байж таарах уу?

 

-Харин ч З.Энхболд намын дарга болсноор царцаад байсан ҮЗХ-ны ротаци лав аймаг, дүүргүүдэд явсан юм биш үү?

 

-Тэр бол ротаци биш, төрийн албанд орсон хүмүүсийн оронд нөхөн сонгууль хийгдсэн. Манай намын дүрмээр бол ҮЗХ гурав, есдүгээр сард хуралдах ёстой. Намын дотоод сонгууль хоёрдугаар сарын 28-ны дотор болдог юм. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын 28-нд сонгогдсон тухайн шатны шинэ гишүүд нь гуравдугаар сард болдог ҮЗХ-ны ээлжит хурлаар батлагдаад явдаг. Гэтэл энэ гуравдугаар сард ҮЗХ хуралдсангүй. Цаашдаа яах нь ч тодорхойгүй байна. Одоо яаж байна гэхээр нэлээд хол байгаа нэг цэгийг заачихаж байгаа юм. Тэр нь “Улс төрийн намын хууль батлагдана, тэрний дараа дүрмээ шинэчилж ҮЗХ-г хуралдуулна” гэсэн алсад байгаа цэг. Уг нь байгаа үндсэн дүрмийнхээ хүрээнд ажиллаад шинэчлэлийн асуудал дээр шинэ хүмүүсийнхээ санаа бодлыг тусгаад явах ёстой байхгүй юу.

 

-Улс төрийн намын гол зорилго бол сонгуулиар олонхи болж төрийн эрх барих. Одоо УИХ-ын спикер хийж байна танай намын дарга “УИХ-д сонгогдоод ажиллаж байгаа АН-ын бүлгийн 35 гишүүн бол нэгдүгээр ээлжийнхэн. Энэ хүмүүс давуу эрхтэйгээр УИХ-д нэр дэвшинэ” гэсэн утгатай ярилцлага өгсөн байна лээ. Үүнийгээ Баянхонгорын жишээн дээр ярьсан байсан. Одоогийн УИХ-ын гишүүн нь ямар ч алдаа гаргасан байсан нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаад жирийн гишүүд нь ямар бодолтой байна вэ?

 

-Дархлагдсан улстөрч гэхээс илүүтэй олны итгэлийг хүлээсэн улстөрчөө илүү дэмжиж явах ёстой юм. Үнэхээр тэр сонгогдсон УИХ-ын гишүүн хариуцлагагүй, алдаа дутагдал гаргадаг, улс орны эрх ашгийг өмнөө тавьж чаддаггүй байвал “ногоон гэрэл”-ээр байнга явж байх нь буруу. Тэр хүн үнэхээр сонгогдсон тойрогтоо ажилладаг, тойргийнхоо иргэдийн эрх ашгийг хамгаалж чаддаг, саналыг нь төрийн шийдвэрт тусгаж чаддаг байвал дэмжигдээд л явна. Үүнийг манай намын жирийн гишүүд ойлгоно. Дээр нь манай намын үндсэн дүрмээр тухайн УИХ-д нэр дэвших гишүүн нь тухайн тойргийнхоо намын хороогоор дэмжигдсэн байх ёстой. Архангай аймагт нэр дэвших бол Архангайн АН-ын хороо, Баянзүрх дүүрэгт дэвших бол Баянзүрхийн АН-аар ороод тэндээс олонхийн санал авсан кандидат нь УИХ-д нэр дэвшээд явдаг. АН-ын дүрмийн энэ заалт өнөөдөр хүчин төгөлдөр байгаа учраас хэрэгжүүлээд явах ёстой. Түүнээс намын дарга нь би тэрнийг дэвшүүлнэ, чи болоогүй байна гэдэггүй юм. Тийм эрх тэр хүнд байхгүй.

 

-Намын удирдлага гэдэг зөвхөн дарга биш байх. Та хэд генсектэйгээ уулзаж санал солилцсон уу?

 

-Л.Эрхэмбаяр даргатай хамтарч ажиллаж байсан. Санал, бодол нийлдэг зүйл бидэнд байдаг. Намын шинэчлэлийн талаарх бидний саналыгнамын ЕНБДарга эерэгээр хүлээж авсан байна лээ. Ер нь бол намын дүрмийг шинэчлэх асуудлаар залуучуудтай хамтарч ажиллана гэж найдаж байгаа.

 

Ер нь манай намд тогтолцооны хувьд шинэчлэгдэх зүйл зөндөө бий. Нам бол өнөөдөр хэвтээ тогтолцоотой байгаа. Үүнээс болж нэгдсэн удирдлага алдагдаж, олон толгойтой, олон фракцтай болсон. Намын удирдлагын тогтолцоо, дотоод хяналт, хариуцлагын гээд энэ олон асуудлыг үндсэн дүрмийн өөрчлөлтөөр зохицуулах ёстой.

 

-25 жилийн ойн баярын хурал дээрээ фракцгүй нам болно гэж АН-ын дарга зарласан. Энэ боломжтой юу?


 

-АН дотор байгаа цэгцлэх ёстой асуудлын нэг нь фракц. Фракцийн тогтолцоо байх ёстой хэм хэмжээнээсээ халиад утгаа алдчихаараа юу болдгийг бид харж байна. Ямар сайндаа фракцигүй болоё гэж уриалахав дээ. Ер нь фракци бол цэвэр үзэл бодол, хөгжлийн бодлогын төлөө ухаанаа уралдуулах хэмжээнд бол заавал байх ёстой. Гэхдээ фракц бол зөвхөн АН-ын асуудал биш. Бүлэглэл, фракц бүх л намд байдаг шүү дээ. Манай намын хувьд хурал нь ч ил, фракц нь ч ил харагддаг. Зөрчил байвал зөрчил нь ч ил харагддаг ийм л нам. Тиймээс манай фракцууд тод харагддаг байх. Мэдээж намын лидерүүд фракцгүй больё гэдэг уриалга гаргаж байгаа нь сайшаалтай. Үүнийгээ ямар байдлаар ажил болгох вэ гэдэг л чухал.

 

-Энэ өдрүүдэд болж байгаа үйл явдлын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Та нартай цуг намын даргадаа шаардлага хүргүүлж байсан АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнийг АТГ шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл цахим ертөнцөд түгжээ. Энэ талаар та бүхэнд мэдээлэл байна уу?

 

-Тантай адилхан сайтын мэдээний төвшинд л мэдээлэлтэй байна. Нарийн мэдэх юм одоогоор алга. Энэ мэдээ анх гарсны дараа орон нутагт яваа Д.Мөнх-Эрдэнэтэй холбогдоход өөрөө ч бас гайхаж байна лээ. Тиймээс энэ асуудал тодорхой болсны дараа байр сууриа илэрхийлэх нь зөв биз. Мэдээж бид үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа.

 

-Төгсгөлд нь асуухад та бүхэн цаашид яах вэ?

 

-Намдаа эрс шинэчлэл хийхийн төлөө тууштай явах болно. Шинэ үе үүний төлөө нэгдэж байгаа. Гэхдээ энэ шинэлчэл зөвхөн залууст хамаатай, зөвхөн тэдний юм биш шүү гэдгийг ойлгоорой. Шинэчлэлийг шинэ хуучин, хөгшин залуу гэж ялгалгүй бүгд хамтарч хийх ёстой. Ингэж байж л энэ том нам шинэчлэгдэж чадна. Шинэчлэлийг дэмжиж АН-ын гишүүд, дэмжигчид, ардчиллын төлөө яваа хүмүүсөдөр ирэх тусам улам ихээр хүрээлж байгаа нь бидэнд улам их итгэл, урам өгч байгаа.

 

-Гэхдээ намын удирдлага чинь одоогийнх шигээ асуудалд хандаад байвал яах вэ. Та бүхний эхлүүлсэн энэ шинэчлэл үр дүнд хүрэх үү?

 

-Бүхий л цаг хугацаанд хийгдэж байсан шинэчлэлүүд өөр, өөрийн сорилтуудтай тулгарч байсан. Анх 1990 онд ардчиллын салхи сэвэлзэхэд, таван нам нийлж АН-ыг байгуулахад ч адилхан бэрхшээл байж л байсан. Энэ удаад ч АН тулгараад байгаа сорилтыг хамтдаа давж чадна гэдэгт итгэлтэй байна.