sonin.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцээд хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Засгийн газраас 63.7 хувьтай гарсан хэмээн дүгнэсэн. Асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүд нь төсөвтэй уялддаггүй, хэрэгжилтэд нь тавих хяналт, тооцох хариуцлага тодорхойгүй явж ирсэнд шүүмжлэлтэй хандаж, цаашид үндсэн чиглэлийг төлөвлөх, хэлэлцэж батлах, тайлагнах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг онцолж байв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Улсын өрийн дээд хязгаарыг ДНБ-ний 58.3 хувьтай байхаар тогтоосон. Гэтэл олон улсын байгууллагаас манай улсын өрийн хэмжээг 77 хувьтай байна хэмээн тооцоолж байгаа. Засгийн газар 2016 оны сонгууль, сандал ширээ бодохын зэрэгцээ 2017-2018  онд яаж амьдрах вэ гэдгийгээ бодох хэрэгтэй. Энэ тал дээр ажлын хэсэг байгуулж, өр зээлийн асуудал ямар байдалд хүргэхийг хэлэлцэхээр байна гэсэн юм.

Энэ саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Энхболд, "2017, 2022 онд бондын төлбөрийг төлөхтэй холбогдсон нэмэлт ачаалал улсын төсөв дээр ирнэ. Иймээс энэ төлбөрийг төлж барагдуулах менежмент, төлбөрийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудалтай холбогдуулан байнгын хороогоор асуудлыг хаалттай горимоор нухацтай авч хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй" гэв.

Мөн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл тус байнгын хорооноос Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх санал дүгнэлтэд гадаад өр зээлийн асуудал улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрч болзошгүй байгаад анхаарч тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж тусгахыг санал болголоо.


 

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг