sonin.mn

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа олон улсын аюулгүй байдлын Москвагийн дөрөвдүгээр бага хуралд оролцож байна.  Тэрээр “Бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад оруулж буй Монгол Улсын хүчин чармайлт” сэдвээр бага хуралд оролцогчдод илтгэл тавив. Энэ удаагийн бага хурлаар олон улсын аюулгүй байдал, түүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй болгох чиглэлээрх дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, чармайлтыг нэмэгдүүлэх  талаар хэлэлцэхээр дэлхийн 70 гаруй орон, олон улсын зургаан байгууллагын нийт 400 гаруй төлөөлөгчид энэхүү олон улсын бага хуралд оролцож байна.

Үүний дотор Монгол, БНХАУ, Грек, Беларусь, Пакистан, Иран, Өмнөд Африк, Индонез, Серби, БНАСАУ, Армян, Казахстан, Киргиз зэрэг улсууд Батлан хамгаалахын сайдын төвшинд оролцож байна.

Бага хурлын үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгутай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.