sonin.mn

Монголын ардчиллын алтан хараацай, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг агсаны 53 насны төрсөн  өдрийг тохиолдуулан гэр бүл, дотны андууд, хамтран зүтгэгчид, нутгийнхан болон Монголын ардчилсан холбоо, ИЗНН, Ардчилсан намын төлөөлөгчид түүний хөшөөнд амьд цэцэг өргөж хүндэтгэн ёслов.

 

Тэрбээр 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн юм. Монгол түмний төлөө, ардчиллын төлөө тууштай тэмцэгч асан С.Зоригийн төрсөн өдөр болон тэнгэрт халисан өдрөөр түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлал 17 дахь жилийн нүүр үзэх гэж байна. Харин энэ аймшигт аллагыг үйлдсэн зандалчид болон захиалагчид өнөөг хүртэл илчлэгдээгүй л  байна.

С.Зоригийн аллагын эзэд, захиалагчид өнөөг хүртэл илрэлгүй 17 жил өнгөрөөд байгаа энэ үед өнгөрсөн хугацаанд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан эрх мэдэлтнүүд, гэмтнүүдийг гэсгээхийн тулд юу хийсэн, юу хийж чадаагүйгээ ард түмэнд тайлагнах цаг хэдийнээ болсон гэж ИЗНН үзэж байна. С.Зориг агсаны дэвшүүлсэн эрх ашгаа эрэмбэлэх зарчим алдагдсанаас үүдэн Улс Монголын маань улс төр, нийгэм, эдийн засаг тун эргэлзээтэй байдалд орсон гэж үзэж байна. Иймд Монгол төрийн зүтгэлтнүүд нь шийдвэр гаргахдаа юуны өмнө улс үндэстнээ тунгаан удаад нь нам бүлэг, адаг сүүлд нь хувийн эрх ашгаа тооцдог эрэмбийг баримтлах ёстой гэж ИЗНН, улс төрийн нам эвслүүдэд уриалж байна хэмээн мэдэгдлээ.

                                                              

"Миний ах амьд сэрүүн байсан бол өнөөдөр 53 нас хүрэх байв. Ардчиллын 25 жилийн хугацаанд үлдсэн хамгийн том хар толбо энэ хэрэг байдаг. Өнөөг хүртэл илрэхгүй  байгаа нь харамсалтай. Цаг үргэлж  энэ хэргийн буруутанг илрээсэй гэж залбирдаг. Монгол хүн бүрийн сэтгэлд ахын минь хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж үг бий. Хүн бүр саруул ухаанаар улсынхаа төлөө хамтран ажиллаад нэг нэгнийгээ ойлгоод урагшлах нь чухал. Маш хэцүү, хоёр талд мөргөлдөхөөс буцахааргүй болчихсон тэр үед ч гэсэн саруул ухаантай юм чинь ямар нэгэн байдлаар ойлголцож, цус урсгахгүйгээр зөвшилцлийн аргаар явах ёстой гэдэг зарчмыг маш хатуу баримталж байсан" гэж С.Зориг агсны дүү С.Оюун онцолж байв.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ"