sonin.mn

Ирэх таван жилд БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт 1000 оюутан сурна.

Өнөөдөр “Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа БСШУЯ-нд болов.

Санамж бичигт Монголын талаас БСШУ-ы сайд Л.Гантөмөр, Хятадын талаас БНХАУ-ын Боловсролын яамыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Шаолун нар гарын үсэг зурсан юм.

Тус санамж бичгийг БНХАУ-ын дарга Си Зиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд байгуулж буй гэдгийг талууд онцлов.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр хэлэхдээ, “Энэ дөрөв, тавдугаар сард багтаан эхний 200 оюутныг явуулна. Эдгээр оюутны 20 нь бакалаврт, 40 нь докторт, 140 нь магистрт суралцана. Солилцооны хөтөлбөрийн онцлог нь тэргүүлэх чиглэлийг барьж оюутнаа сургана. ХАА, инженер, боловсрол, соёлын мэргэжилтнүүдээ дахин сургах бололцоо гарч ирж байгаа нь чухал. Сонгон шалгаруулалтын зарыг удахгүй залуучууддаа хүргэнэ” гэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолун, “Хятад, Монгол хоёр улсын тусгай тэтгэлгийн санамж бичигт гарын үсэг зурсандаа баяртай байна. Энэ жилээс эхлэн жил бүр Монгол Улсын талаас 200 оюутныг Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болно. Монгол Улсын боловсролын салбартай ингэж хамтран ажиллах нь Монгол Улсын боловсрол, эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх зорилготой” гэв.

Санамж бичгийн хүрээнд тусгай тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийг санамж бичигт гарын үсэг зурсан өдрөөс эхлэх юм. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг энэ сардаа багтаан хамтран зохион байгуулахаар болжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Цэрэнжамц

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг