sonin.mn
 
 
1937 оны 6 сарын 14-ний өдөр П.Гэндэнгээс сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд А.Амарт бичсэн захидлаас.....
* * *
Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд хүндэт нөхөр
Амар таны энэ завсарын амрыг эрээд өчүүхэн миний бие та бүхний гүн хамгаалал ба Холбоот Улсын гайхамшигтай өршөөлөөр хязгаар нь үзэгдэхгүй хар далайн захад ямарч гачигдалгүй хуучин хэвээр гэр бүлийн хамт сууж байгааг сонсгохын ялдамд таны улс төрийн их хэрэг ба бие лагшин хийгээд өрх хотлоор туйлын бат энх төвшин хөгжиж буй бизээ.
 
Өчүүхэн мунхаг би дөчин хэдэн жил оршсон зах хязгаар нь үзэгдэхгүй их шар тал нутаг ба сэргэлэн шар нар, салхины цэвэр амьсгал болон мөн элэг махны садан салбар хийгээд та их баригчид удирдагчидаас ёслон салсаар нэгэн жил хагас болов.
Энэ жил хагасын дотор хоцрогдсон үхээнц дорой би өөрийн орон нутаг ба ах дүү нар хийгээд малын үнэр, аргалын утаа зэргийг үргэлжлэн сэтгэл санаанаас гарахгүй өдөр шөнийн зүүд бодол болон байх юм.
 
Намайг эргэж албан тушаал горилж байна гэж битгий бодоорой. Намайг анх явуулахдаа нэг жилийн хугацаагаар гэсэн боловч одоо жил хагас болоод байна. Буцая гэхээр буцаахгүй гэх юм. Юуны учир энд байлгаад байгааг мэдмээр байна.
Амралтанд сууж буй би байтугай ял хэрэгт холбогдсон хүн ч халдаж үйлдсэн тогтоол тушаалыг сонсохыг хүсдэг, сонсохч ёстой хэмээн ойлгож явдаг юм.
* * * Ёслогч гээгдэн жигшигдсэн тэнэг Гэндэн мөн.
* * *