sonin.mn
 
 
Энэ сарын 21-22 -ны өдөр Бээжин хотноо “Жижиг, дунд бизнесийн том боломжууд” Орос-Хятадын бизнес эрхлэгчдийн  чуулга уулзалт болж байна.
 Энэхүү  арга хэмжээг Оросын Эдийн засгийн хөгжлийн яам, Орос-Хятадын энх тайван, найрамдлыг хөгжүүлэх хороо, Орос-Хятадын ажил хэрэгч зөвлөлийн  дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа аж. Хоёр орны бизнес эрхлэгчдийн  уулзалт нь Орос улсад төдийлөн сайнгүй  байгаа ажил хэрэгч  уур амьсгалыг амилуулж чадна хэмээн  Бээжинд болсон “Ази руу эргэлт. Орос-Хятад: ажил хэрэгч ирээдүй” хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын Эдийн засгийн  хөгжлийн яамны жижиг, дунд үйлдвэрийн хөгжил ба өрсөлдөөний газрын дарга Наталья Ларионова ярьсныг мэдээллийн “Клерк” агентлаг уламжилжээ.  
Энэ сард уламжлал ёсоор түүхий  эдийн экспортын  шинжээчид өөрсдийн саналыг тавихаар Бээжинд хүрэлцэн ирнэ. Аж үйлдвэрийн өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчид өмнө дорнын хөршийн хувиар  тус улсын  зах зээлээс   бага ч атугай хувь хүртэхийг санаархаж байна. 
Оросын 5,5 сая  жижиг , дунд  бизнес эрхлэгч  субъектуудын дөнгөж 30 мянга нь  экспортын үйл ажиллагаа  явуулж буй юм.  “Чуулганы гол зорилго одоогоор танигдаагүй  байгаа Оросын тэр бизнесийг Хятадын компаниудад танилцуулахад оршиж буй юм “гэж Наталья Ларионова ярьжээ. 
Бээжингийн “Жижиг, дунд үйлдвэрийн том боломжууд” чуулганы хүрээнд хоёр орны жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан цахим  “залгалтуудыг ” явуулах боломжтой  юм. Төслийн боловсруулагчид хоёр орны бизнес хүрээнийхэнд албан тасалгаанаас  гарахгүйгээр  гэрээ контрактууд байгуулах орчин үеийн технологуудыг амлажээ. 
Чуулганы оператор Оросын жижиг , дунд үйлдвэрийг дэмжих  агентлагийн ерөнхий захирал Виктор Ермаков ярихдаа, "Оросын оролцогчдын талаас илүү хувь нь өөрсдийн бүтээгдэхүүнийг экспортлох саналтай байна гэж онцолжээ.  Гэтэл тэдгээрийн 70  орчим хувь Хятадад бизнес түншээ аль хэдийнэ олсон аж.  Жишээлбэл, Орос улсаас  дулааны солилцооны төхөөрөмжүүд,  тусгай хувцас, ган утас, хөнгөн нисэх техник, оёдлын эд анги, рашаан ус, нарийн боовны бүтээгдэхүүн  зэргийг  Хятад руу экспортлох юм. 
   Рублийн ханш хоёр дахин унасан явдал  хятадуудыг үнээр татах боломж олгож байна” гэж ноён Ермаков өгүүлжээ.  Харин үүний хариуд хятадын  тал оросын зах зээл дээр мэдэгдэхүйц хөнгөлөлт эдлэхийг санаархаж байна. Төрийн думын эдийн засгийн бодлого, шинэтгэл ба бизнесийн хөгжлийн дэд тэргүүн Виктор Звагельскийн уламжилснаар, Орос улс ойрын үед хятадын  хөдөлмөрийн цагаачдад зориулан   хуулиндаа өөрчлөлт  оруулах тухай асуудлыг хэлэлцэх  гэнэ.  Хятадууд саяхнаас  заавал өгөх ёстой болсон  орос хэлний мэдлэгийн түвшин тогтоох  шалгалтаас чөлөөлж, визгүй зорчих эрхтэй Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн орнуудын  (ТУХН) иргэдтэй нэг түвшинд авч үзэж байхыг  хүсэмжилж байгаа аж.  Мэдээжийн хэрэг, оросууд өөрийн оронд хятадаас  хөрөнгө оруулахыг хүсч байна. Оросын  дор хаяж 18 бүс нутаг хөрөнгө оруулагчдад зориулан өөрийн боломжуудыг  харуулсан тусгай  презетацуудыг явуулахаар төлөвлөж байгаа аж.      
 
 
А.Огторгуймаа 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг