sonin.mn

Тавантолгойн том төслийг гацаанаас гаргах их хүлээлт дагуулсан УИХ-ын тогтоол царцаж байснаа царцааны үлгэр болж эхэллээ. Царцаа ах нь усанд ойчсон шоргоолж дүүгээ аврахаар эхлээд гахайнаас дээс томох хялгас гуйна. Цаад идэмхий нь царс модны үр нэхнэ. Мод мөчрөөсөө хар хэрээг үтэр хөөх болзол тавина. Хэрээ нь өндөг шаардана, тахиа нь будаа хүснэ, агуулах нь хулганыг хөөвөл өгнө гэнэ. Хулгана нь муур махнаас гарсаны дараа болъё гэж авдаг юм. Тэгээд муур нь сүү, үнээ нь өвс авчирвал бартер солилцоо хийе гэх мэтээр цаг сунжирсаар, царцаа нь эрх биш үлгэр юм болохоор тэсч үлддэг. Хоёр долоо хоногт багтаан шийдэхээр болоод тоологдож эхэлсэн хугацаа хэлэлцэх биш хэлэлцэхгүй болоод өндөрлөлөө. Өргөн бариагүй, өргөн барьсныг нь давтан дахин буцаалаа гэсээр өндөрлөв.

 

УИХ-ын гишүүд олонхийн саналаар Тавантолгойн асуудлыг хэлэлцэхгүй гэж шийдвэрлээгүй, Тамгын газар нь хоёр удаа Засгийн газарт буцааж илгээв. Засгийн газар эхний буцаалтын хариуд “Иргэдийн хувьцааг дахин бүртгэх, баталгаажуулах асуудлыг шийдвэрлэлээ” гэж мэдэгдэн, нэг ёсондоо бүрдэл дутуу хэмээн үзсэн бичиг баримт нэмж хавсаргаад, нааж хавтаслаад хоёр дахиа өргөн барихаар хүргүүлтэл өөдөөс нь хоёр сая хүний хүний хоёр сая мутар шаардлаа. Хоёр дахиа буцаасан нь шалтгаан гэхээсээ шалтаг боллоо гэж сошиал сүлжээнийхэн, эдийн засагчид, бизнес эрхлэгчдийн санал бодол давалгаалж байна. Эдийн засгаа сэргээх хүлээлт, бусад олон том төсөл хөтөлбөрийг хөдөлгөх гараа болох Тавантолгойн сэдэв хэлэлцүүлэг ч болж амжихгүй байгаад бухимдсан пост, жиргээ, коммент илэрхий их түгээгджээ.

 

Сошиал сүлжээний өөрийн бодолтой, өндөр амбицтай хэрэглэгчид нэг асуудалд ингэж дийлэнхээрээ санал нийлэх нь тийм ч элбэг тохиолдол биш юм. Хэлэлцье гэвэл хэрэгцээ шаардлага нь их байна, хэлэлцэхгүй гэвэл олдохооргүй сонин шалтаг олж чадах л юм байна. УИХ-ын даргын “Хоёр сая хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрлийг нь аваагүй тул ТТ-н тогтоолыг буцаав” гэсэн жиргээг жинхэнэ агуулга биш ёжлол байлгүй дээ гэсэн таамаг хүртэл сүүлчийн горьдлого өөртөө тээж байгаа юм. Хоёр сая толгой нэг бүрээс зөвшөөрөл авахыг хэлээгүй, тэдний хувьцаа эзэмшиж байгаа компани “Эрдэнэс тавантолгой”-н бичиг захидлыг нэхсэн биз гэсэн арга ядсан жаахан горьдлого үлдэв.

 

Хэрвээ хоёр сая хүнээс зөвшөөрөл авах гэх мэт зангууны, царцааны үлгэр хэлхсэн шалтаг бодож олоод байвал тогтоолын төсөл өндөг шиг өөгүй, судар шиг ариун байгаад ч хэлэлцүүлэгт орох босго давахгүй. Алдар гавьяат популистууд сонгууль дөхөж сезон нь орсон учир 1072 хувьцааг л амилуулахгүй бол амьдрахгүй шахам шаардлага тавьж, зурагтын цагийг дээлтэй, костюмтай, босоо, хэвтээ байдлаар пиг дүүргэсээр байгаа. Хувьцаа нь амилаагүй байхад түүнийг эзэмшигчид  хөрөнгө оруулалтын гэрээг зөвшөөрөх, эсвэл хориглох шийдвэр гаргах эрхтэй юу? Эхлээд арилжих, өвлүүлэх, шилжүүлэх, ашиг олвол ноогдол авах, алдагдал хүлээвэл үүрэх  албан ёсны хувьцааны эрхийг нь нээх ёстой болно.

 

2012 оны сонгуулиар асуудал шийдэх эрхийг нь ард түмэн нь олгочихсон, үүргээ биелүүлэхийг нь гурван жил ханатлаа харж байна. Ирээд буцсан хөрөнгө оруулагчдад хүлээж бай гэж мэйл явуулаад гарын үсэг цуглуулж, нотариатаар бүгдийг нь хувилж тамгалж, Хөрөнгийн бирж дээр ч юм уу аль нэг газар тоолж дүгнэх үү? Хамгийн гол нь харганын ноос түүж эсгий хийх зангууны үлгэрийг давлаа гэхэд хэдэн хувь нь зөвшөөрвөл хүчинтэйд тооцох юм бэ? Амилаагүй байгаа хувьцааны эзэд шийдвэр хууль зүйн хувьд хүчинтэй юу? Хэрвээ хоёр сая иргэн шийдвэр гаргах юм бол УИХ түүнийг дахин авч хэлэлцэх үү? УИХ-ын сонгуулиа 76 жижиг тойрогт явуулах эсэх МАН-ын санаачилсан асуулгын 2 тэрбум төгрөгийн зардлаас илүү гарах биш үү? Ирээд хоёр хувилбараас нэгийг нь дугуйлахгүй, нотариатаар орох, канондуулах бөөн ажил ундарна. Энэ бүхнийг Хөрөнгийн бирж зохион байгуулах уу, Санхүүгийн зохицуулах хороо хариуцах юм уу? Хэд нь зөвшөөрсөн, зөвшөөрөөгүйг хэн, хаана тоолох вэ? гэх мэт. Хамгийн гол нь харганын ноос түүж байх хооронд хөрөнгө оруулагчид ахиад хүлээж, нүүрсний үнэ өнөөгийнхөөс унахгүй байж байх уу? Төгрөг тэсэх үү, наадмаа яах болж байна? Бусад төсөл хөтөлбөр бүхэн хоёр сая гарын үсгээр хөдөлж байх жишиг тогтох юм уу? гэх мэт үй олон ойлгомжгүй асуулт урган гарч байна.

 

Нэг бол УИХ заавал авч хэлэлцэнэ, Засгийн газар дангаар шийдвэл зарим толгойг нь огцруулна, нөгөө бол хоёр сая гарын үсэг авчрахгүй бол ерөөсөө хэлэлцэхгүй гэх нь Монголд л болдог явдал. Засгийн газар шийдлээ гэж Ерөнхий сайд мэдэгдсэний маргааш УИХ татан авч хэлэлцэхээр болно. УИХ татан авч хэлэлцэх боллоо гэтэл Засгийн газартаа буцаагаад түлхэнэ. Татаад авна уу, түлхээд хаяна уу, өөрөө мэдээрэй, хө гэж дуулмааргүй байна. Хэлэлцэх, хэлэлцэхгүйн хоорондын хэрүүл, үлгэр сонсох зуух хөрөнгө орж ирэхгүй, долларын ханш буухгүй, төсөвт татвар, хүмүүст цалин, орлого болж очихгүй, эдийн засаг хөдөлгөөнд орж, ажлын байр нээгдэхгүй. Баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид, ажил хийж амьдардаг хэн бүхэн бэлэн хишиг горьдоогүй. Тавантолгой, түүнийг дагах бусад төсөл, бизнесээр нээгдэх боломж олгооч. Монголын эдийн засагт арагшаа явдаг  R биш, давшиж дэвшдэг D араа хэрэгтэй байна.

 

Бизнес эрхлэгч Н.Билгүүн