sonin.mn
 
 
 
/Өгүүллэг/
 
Нар хэвийжээ. Говийн намхан толгод уртын урт сүүдрээ зүүн урагш унжуулаад ажин түжин. Хөдөөний борхон тосгон хөл үймээн багатай. Тэгээд ч зуны адаг сарыг хэлэх үү. Ихэнх нь хэдэн мал, саалийн ганц хоёр үнээгээ бараадаад гэдэс цайлгахаар сумын төвөөс захалсан. Албаны хэд ихэнх нь амарсан ч ганц нэг мэргэжилтэн байцаагч л контор саваа харан ажилтай ажилгүйн хооронд өдрийг өнгөрөөж, гэрийн зүг эртхэн сажилцгаана. Батмэнд конторын үүд сахин цаг гаруй сүүдэр бараадаж, хүн харна. Хүлээсэн хүн нь ирсэнгүй. Өнөөдөр ч өнгөрлөө дөө. Маргааш эртхэн ирвэл уулзах байгаа гэж бодоод цементэн довжоо тулан бослоо. Нар оорцог бор толгодын дээр дугуйрч шаргалтаад говьд жин үдийн халуун холдож амьсгаа авахтай болж салхины үзүүрээс сэвс хийсэн сайхан мэдрэмж төрнө. Батмэнд сумын төвийн дээд үзүүрт байх гэр өөдөө алхлаа. Хүн хүлээж суухдаа нэг үсэг ч үлдээлгүй уншсан шар сонингоо толгой дээрээ тавьж нозоорсон биеийнхээ чилээг гарган удаан гэгч алхлаа. Батмэндийн бодолд тэр зуны аагим халуун долоо хоног зурсхийн орж ирлээ…
 
Говь нутаг, ганц гэр. Тулгар биетэй эхнэр. Сөөсгөр хөөрхөн хүү нь ээлж дараалан орж гарна. Тэгснээ бүр ч тодроод үйл явдал нь өрнөөд сандран мэгдэх шиг болсноо зогтусав. Өө би чинь бодож яваа шүү дээ. Болж байгаа юм шиг санагдлаа шүү. Өнгөрсөн дурсамж ингэж хүчтэй түрэн орж ирэх нь юу билээ дээ…
 
Дахиад цааш алхлаа. Өнөөх л бодол нь тархи оюунд нь шахцалдан бүр ч илүү тод болж байна. Батмэндийн бодлыг уншигч тантай хамт жаахан сонсъё.
 
Таван жилийн өмнө өдийд л Батмэндийнх говийн бэсрэгхэн толгод, хааяа нэг харгана сондуул үзэгдэх нутагт зусаж байлаа. Саахалтын зайтай гар худагтай. Энэ худаг л тэр хавийн хүн, малын чандмань эрдэнэ нь. Аргагүй л ус чандмань эрдэнэ гэдэг үгийг энэ хонхрын хэдэн хүн гаргасан байх гэмээр. Батмэнд, Үржин хоёр ийм л нэг халуун өдөр хонио услахаар худаг дээр ирцгээлээ. Хөлсөө шударч ховоо татсаар хонио усалж, Үржин хонио цөөн цөөнөөр нь таслан онгоц руу оруулсаар сая л нэг дуусчээ. Хүний өөрийн хэдэн тэмээ ус горьдон зогсоно. Хэл мэдэх биш энэ хэдийг услаад гаргачихъя даа гээд Батмэнд ховоо татлаа. Үржин ус уугаад гарч байгаа хонио тогтоон гэрийн зүг залахаар хөдөллөө. Хөдөөх амьдралын үргэлж давтагддаг нэг л өдөр ийнхүү талаасаа өнгөрч нар ташжээ. Үдийн их халуун ч арай зөөлөрсөн байна. Батмэнд хэдэн тэмээнд ус ховоодчихоод Үржингийн араас очиж, гэрийн зүг дөрөө харшуулан явцгаалаа.
 
Гэр нь ойрхон ч гэлээ халууны хөх зэрэглээнд томорч нэг тодорч нэг үзэгдээд сүртэй…Зэрэглээ алсад давлаад говь нутаг өнгө төрхөөрөө л дугуйрч шаргалтсан өдөр. Мөн ч олон жил ийм өдөр сарыг элээж, малын зах бараадаж нутаг усандаа сайхан амьдарч яваагаа аав, ээжийн минь л буян гэж дотроо сүсэглэнэ. Батмэнд Үржин хоёр хол ойрын сонин, эдний мал тэдний гэр гэж ярилцсаар гаднаа ирлээ. Сөөсгөр бяцхан хүү нь тосоод ирдэг байсан. Энэ удаа ирсэнгүй. Унтчихсан биз… Тэгтэл гэрт ч гадаа ч хүү нь байсангүй. Мэндээ миний хүү гэж Үржин хэдэнтээ дуудсан ч хүү нь хариу өгсөнгүй. Хоёр ой хүрэх гэж байгаа хүү нь сураг ч алга. Батмэнд, Үржин хоёр яахаа мэдэхгүй хий л хэсэг хашгирлаа. Ойр орчим харгана бутны ёроолоор бидрэн бидрэн хайлаа. Ойр хавь айл амьтан ховор. Мориндоо мордоод л хоёр тийшээ хэсэг явж, ойр хавийг самнан самнан хайлаа. Бүрий болж нар толгодын цаагуур хариугүй орох дөхлөө… Овгор л гэсэн бүхэн дээр гарч Мэндээ, Миний хүү… гэж хашгирсаар хоолой нь хүртэл сөөжээ. Айж балмагдаж, үнсэн царайтай болсон хоёр үдшийн бүрийгээр гэрийнхээ хоёр талаас ирж, уйлан хайлж, хэрхэх учраа олж ядан хүйтэн хар цай залгиллаа. Үржин хүүгийнхээ майжиг болсон цэмбэн гутлыг элгэндээ тэврэн мэгшинэ. Батмэнд хүрлийсэн хүрэн юм яг л одоо дэлбэрэх гэж байгаа юм шиг барайжээ.
 
Мэндээ хүү, гэрийнхээ гадаа тоглож байтал нэг хөөрхөн амьтан зогсож байхыг харжээ. Тэгээд л өнөөх хөөрхөн амьтан руу гүйж, өнөөх нь ч ямх ямхаар холдсоор. Тэр хоёр хөөцөлдсөөр нэг л мэдэхэд хол саахалтын дайтай холдож их говийн хээлэнд уусан алдарчээ. Хоёр хөөрхөн соотон чих, шөмбөгөр хөөрхөн хошуу, зэгзгэр нарийхан хөл нь чүүчигнэн дэгэлзэх, алаг хөөрхөн нүд нь сониучирхан тормолзох нь хүүд үнэхээр хөөрхөн байжээ. Ийм хөөрхөн юмыг барьж аваад тоглохын зөн нь түүнийг аргагүйн эрхэнд араас нь хөөцөлдөн хөөцөлдөх хорхойг нь хүргэжээ. Хүү хол явснаа ч мэдээгүй. Янзага хол дагуулснаа ч мэдээгүй. Хоёулаа ядарч. Янзага бяцхан бутны дэргэд сөхрөөд урд хоёр хөлийг жийж толгойгоо тавин хяржээ. Төдөж удалгүй унтаад өгч. Хүү нэлээд хол хоцорсон ч янзаганы араас явсаар л байж. Тэгтэл янзага нь үзэгдэхээ байчихаж.
 
Сайн харсан чинь бараг дэргэд нь унтаж байж. Хүүгийн нойр хүрч сүрхий ядарчээ. Ам нь цангаж уруул нь хуурайшиж…Бараг мөлхөн алдан янзаганд ойртож очжээ. Тэгээд дэргэд нь очоод сууж. Янзага нам унтжээ. Хүү жаахан илснээ бас л нойр нь хүрч янзагаа дэрлээд унтчихаж… Ингэж хоёр хөөрхөн юм нэгнээ дэрлэн унтсаар шөнийн харанхуйтай учирч… Говь нутаг халуун дулаан болохоор тэр хоёр илч илчиндээ унтсаар л байж… Янзаганы эх газар унхиалсаар янзагандаа их л дөхөж иржээ…Тэгтэл нэг л өөр үнэр холилдоод байхаар нь эргэлзэн зэнзийлж хэсэг зогслоо. Хэсэг тойрсноо чинэсэн хөхнийхөө аясаар нэг л мэдэхэд янзаган дээрээ хүрээд иржээ.
 
Хүү, янзага хоёр хоёулаа нам л унтаж байна. Бяцхан янзагаа хошуугаараа нудран сэрээх гэж оролдлоо. Дэргэд нь нэг хөөрхөн юм нугдайгаад янзаганых нь хойд хөлийг дэрлээд унтаж байна. Ийш тийш харж үе үе сортосхийн цочсоор биеийнх нь жийхрээ бага зэрэг арилахад янзагаа арай хүчтэй нудран сэрээлээ… Янзага чүүчигнэн нойрмог юм босоод ирлээ. Энэ чимээнд хүү ч сэрлээ… Бас л өндийлөө. Эргэн тойрон хав харанхуй…Янзага эхийгээ хөхөж байна. Хүү үл ялих хөдөлтөл янзаганы эх үргэн цаашиллаа…Хүү босоод ирлээ…Эргэн тойрон чив чимээгүй… Ээж, аав хоёр нь, гэр нь хаана байгааг бүү мэд… Дэргэд нь өнөөх хөөрхөн янзага л ээжийнхээ мээмийг хөхөж байгаа нь бүдэг бадаг үзэгдэнэ. Хүү баацаганан янзаганы зүг нэг хоёр гишгэлээ… Янзаганы эх үргэсэнгүй. Гэнэн дүүлгэр нүдээрээ цоо ширтэнэ…
 
Хүү дахиад нэг гишгэснээ бутанд тээглээд уначихлаа. Янзага эхтэйгээ үргэн жаахан холдлоо. Бүр цаашаа явсангүй. Хүү босоод ирлээ. Дахиад л өмнөөс нь алхлаа. Тэгтэл янзага өмнөөс нь хошуугаа цорвойн үнэрлэж байна. Эхийнхээ сүүнд цадаад одоо л юм сонирхох дайны болоо юу даа гэмээр…Эх нь хоёр гурав цаашаа алхсанаа эргэн харж зогслоо. Хүү, янзага хоёр нэгнээ үнэрлэн их л ээнэгшихийг харсан эхийн хөх дахиад л чимчигнэх шиг боллоо…Янзага, хүү хоёр бүр их дотносож нэгнээ үнэрлэн эрхлэх янзтай. Янзагаа харсан эхийн нүд гөлийж, хөх нь аяндаа ивлэх шиг болж байна. Зуны шөнө богинохон болохоор тэнгэр зүүн урдаасаа гэгээ татан цайрна. Удахгүй үүр цайна. Шөнийн харанхуйд бүдэг бадаг байсан бүхэн тодорно. Хүү, янзага хоёр эрхлэн нэг нэгнээ даган ойр тойрондоо эргэлдэнэ. Янзаганы эх хүүгээс айхаа больж, өвс хазлан тойрно.
 
Энэ ч хөөрхий хоргүй амьтан байна. Миний муу янзагатай адилхан нялх юм даа гэж зөнгөөрөө мэдэрнэ. Хүү ам нь ангаж гэдэс нь өлсөн тун ч их ядарчээ. Гэсэн ч эрхлэхийн хүсэл нь буураагүй хэвээрээ. Янзаганы эх нэг л мэдэхэд хүүгийн дэргэд иржээ…Саамшсан хөхөө хөхүүлэх гэж ядна. Хүү учрыг нь үл олон янзаганы эхээс жаахан айж гэрэвшинэ. Тэгтэл янзага ч эхийнхээ доогуур шурган нэг юм шов шовхийтэл сорохыг хүү сонсоод шүлс нь асгарч, аяндаа л янзаганы хажуугаар шурган амаараа идэх юм хайжээ. Тэгтэл халуу дүүгсэн хөх тааралдаж өөрийн эрхгүй үмхээд авчээ. Сорохын төдийд л сүү урсан ам руу ороход хүү учир зүггүй хөхөж эхэлжээ. Янзаганы эх сая л санаа амарсан мэт болж янзага, хүү хоёр чинэсэн хоёр хөхийг нь ховх сороход бие нь тавирч нэг их сайхан болжээ… Хүү, янзага хоёр нэгнээ дууриах мэт хөхөө тавьж эхийн доороос гарч ирээд мөн л жаахан цаашлан тоглож эхэллээ. Үүр цайж, нарны эхний туяа цацран мандаж байна.
 
Цурам ч нойргүй хоносон Батмэнд, Үржин хоёр яах ч учраа ололгүй өглөө болгож, Батмэнд ойр орчмынхоо хэдэн хотонд дуулгахаар болж, Үржин дэмий л орой толгой дээр гаран Мэндээ, миний хүү гэж хоолой мэдэн хашгирч эрэлдээ гарцгаалаа. Хотолж хоносон хонь нь өөрийн тааваар бэлчиж нэгэн өглөө эхэллээ. Батмэнд хавь ойрынхондоо дуулгаж сум руу хэл хүргэж, хүүгээ хайсаар…Их говийн зах нь үзэгдэхгүй тэр цэлгэрт өөдөсхөн жаахан хүү нь яаж байгааг төсөөлөхийн ч аргагүй. Энэ их халуунд хатаж үхсэн байх л магадлал их…Үхтэл үр харам болохоор хүү нь хаа нэгтээгээс өмөлзөн уйлсаар гараад ирнэ гэж итгэсээр л эрэл сурал болсоор л…Үржин архины лонхонд хар цай хийж өврөөсөө салгалгүй явсаар л. Ам нь цангаж байгаадаа миний хүү гэж үглэн дуулсаар, уйлсаар бүр дуу нь ч гарахаа больжээ. Орой толгой бүхэн дээр дуран барьсан нутгийнхан. Энд тэндгүй Мэндээ, Мэндээ гэх чимээ их талын анир гүмийг эвдэн зэрэглээт хөндийд цуурайлсаар. Энэ их тал нутаг хэдэн арван жил сонсоогүй их дууг шингээн шингээн дуниартана.
 
Эрэл сурал үргэлжилсээр…Долоо хонолоо. Цаг хугацаа зогсохгүй урагшилсаар нэг л мэдэхэд тэр уйтгарт өдрөөс хойш яг долоо хоногийн ойн дээр Батмэнд их талын хээлэнд идээшилж яваа ганц зээр олж хараад хөөрхий дөө. Ийм л их талд ингээд л хүү минь ганцаараа торойж явсан даа гэж бодоод хоолой нь зангиран тэр зээрийн зүг дурандлаа. Зээр юу ч сонсоогүй амгалан идээшилнэ. Хажууханд нь янзага нь байна. Өө зайлуул хөхүүл юм байна л даа. Тэгтэл янзаганы дэргэд дахиад нэг бараан юм томорч жижгэрч харагдахад гайхан дүрлийж ахиулан дурандлаа. Яах аргагүй л нэг юм байна. Ихэр янзага гэж сонсоогүй юм даа… Батмэнд шунан шунан дурандлаа. Горьдон горьдон дурандлаа. Түүний сэтгэлд өнгөрсөн жилийн нэг явдал тодорч байна. Батмэнд өнгөрсөн жил хонио хариулж явтал нэг зээр хөлөө чирээд явж чадахгүй байхтай таарсан юм байна. Тэгээд мориноосоо буугаад хөөцөлдөж байж барьж аваад үзтэл хөл нь хугарчихсан байжээ. Мориныхоо ганзаганаас нэгийг таслан харганын хоёр шулуун мөчрөөр чиг тавиад боочихсон гэнэ. Өнөөх зээр хөлөө чирэн цаашлахдаа мэлмэн хоёр нүднээс нь нулимс урсаж байсныг сэтгэлдээ тодруулан боджээ. Батмэнд дахиад л дурандлаа. Яах аргагүй л хоёр юм байна даа… Горьдлого тээсэн нүдэндээ итгэж ядан зээрийн зүг хатирууллаа…
 
Нэлээд дөхөөд хартал зээр, янзага, хүүхэд гурав байх юм гэнэ. Итгэсэнгүй ээ… Би чинь мөн үү дээ гээд биеэ чимхэж үзтэл өвдөж байна. Ингээд л Батмэнд дөхсөөр зээр ч цаашлаад л янзага, хүүхэд хоёр мөн дагасаар… Хариугүй ойртоод иртэл зээр янзага хоёр цахилан холдож хүү араас нь гүйлээ… Мэндээ, Мэндээ миний хүү гэж Батмэнд хашгирсаар очтол хүү нь ааваа харан эргэлээ… Мориноосоо үсрэн бууж хүүгээ тэврэн цурхиртал уйлахад, хүү нь “аав аав” миний янзага гэж дультраахан хэлээрээ шивнэлээ… Сая сэхээ аван хүүгээ газарт тавин зээрийн зүг харлаа…
 
Өнөөх зээр тэгтлээ холдсонгүй янзагатайгаа хамт эргээд харчихсан зогсож байлаа… Батмэнд учир зүггүй уйлан өнөөх зээрийн зүг наминчлан мөргөсөөр…Зээр, янзага хоёр чимээ чагнан тэрүүхэндээ ижлээ орхисон мэт эргэлдсээр…Хорвоогийн баярт өдөр ийм л байдаг даа… Нар үд голложээ… Батмэнд хүүгээ морин дээр тэврэн давхисаар гэртээ ирлээ… Үржин хүүгээ хараад бахардан унажээ… Хэсэг хугацааны дараа хүйтэн усаар цохиж сэрүүцүүлэн сэргээхэд үг дуу ч үгүй хүүгээ тэвэрсээр. Говийн ганц гэрт саргүй шөнө шиг тас харанхуй өнгөрсөн долоо хоног арилж, үргэлж мөнхийн гэрэл гэгээ мэт нэг долоо хоног эхэллээ…Хот айл, худаг усныхан тэр чигээрээ баярлалдан нэг хэсэгтээ л бөөн баяр хөөрт умбаж говь нутаг дэлгэр сайхан өдрүүдээ дэлгэн дэлгэн угтаж байлаа…
 
Цаг хугацаа гэдэг хөөгөөд хөөгөөд гүйцэгдэхгүй болохоор Мэндээ хүү нэг л мэдэхэд сургуульд орох болж, Батмэндийнх хүүгээ дагаад төв оржээ. Хэдэн малаа айл саахалтынд маллуулаад сумын төв нүүж ирсэн нь энэ. Батмэнд чухамдаа хүүгийнхээ нэрийг солиулахаар сумын төвийн контор сахиж суугаад гэр өөдөө алхаж яваа нь энэ. Би хүүдээ Янзаганхүү гэж нэр өгнө. Сургуульд орохоос өмнө нэрийг нь солиулах хэрэгтэй. Тэр ингэж бодсон. Ер нь ч Мэндээ хүүг төөрч олж авсны дараагаас ах, дүү, нутаг усныхан нь Янзаганхүү гэх болсон. Ингээд л Батмэнд тэр зуны долоо хоногийг дэлгэцэн дээр гарч байгаа юм шиг тод дурсаад хартал гэрийнхээ үүдэнд ирсэн байжээ. Маргааш хүүгийнхээ нэрийг Янзаганхүү гэж солиулна… Бас л долоо хоног явсан байна. Ямар ч удаан долоо хоног вэ…
 
2013.11.29 Улаанбаатар
СГЗ, Сэтгүүлч, яруу найрагч Л. Мөнхтөр