sonin.mn
 
 Саудын Арави тэргүүтэй Арабын улсуудын эвсэл “цэргийн тактикийн зорилтдоо хүрсэн” учир Йемений босогчдын эсрэг агаараас цохилт өгөх ажиллагаагаа дуусгалаа гэж албаны хүмүүс мэдэгджээ.
Нэг сар үргэлжилсэн “Шийдэмгий довтолгоо” нэрт кампанит ажлын хүрээнд Йемен дэх лалын шиит босогчдын “Хусит” бүлэглэлийн байрлалуудад агаараас цохилт өгсөн ч босогчдын довтолгоог бүрэн зогсоож чадаагүй юм.
 
Харин “Найдварыг сэргээх” нэрт шинэ ажиллагаа нь Йемений хямралыг улс төрийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх болон тус улсад терроризмтой тэмцэхэд голлон чиглэнэ гэж тус эвсэл мэдэгдлээ.
 
Агаараас цохилт өгөх ажиллагаа дууссаныг Иран сайшаасан байна.
 
 “Хусит”-ынхныг дэмжиж байна гэж шиитүүд зонхилдог Иран улсыг суннит шашинт Саудын Арави буруушааж байсан юм. Харин Тегеран үүнийг няцааж байгаа юм.
 
“Хусит” бүлэглэлийн босогчид өнгөрсөн нэгдүгээр сард нийслэл Сана хотыг хяналтдаа авч, Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадиг гэрийн хорионд оруулснаас хойш Йеменд эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ.
 
Ерөнхийлөгч Хади хоёрдугаар сард нийслэл хотоос зугтан, Аден хотод бүгсэн юм. Харин гуравдугаар сарын сүүлээр хуситууд өмнөд нутгийн боомт хот Аденд дөхөж ирэх үеэр Хади улс орноосоо дүрвэсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг