sonin.mn
 
 
Бурханы сүмийн итгэгчид “Бүх дэлхийн Дээгүүр өнгөрөх баярын хайр, амь бэлэглэх хайр-2015” хэмээх 452 дахь удаагийн донорын аян өрнүүллээ.
Аяны хүрээнд тус сүмийн ажилтан, албан хаагч, оюутан зэрэг бүх давхаргын 150 итгэгч өнөөдөр ЦССҮТ-д цусаа хандивлан, цусны хомсдлыг багасгахад хувь нэмэр оруулав.
 
Бурханы сүмийн пастор Ким Юүль Сан хэлэхдээ, “ Хүн төрөлхтний аврал хийгээд мөнх амийн төлөө Христ загалмайн золиосоороо шинэ гэрээний Дээгүүр өнгөрөх баяр хэмээх амийн баяр тогтоосон юм. Бид Бурханы энэхүү хайраас үлгэр дууриал авч, цусны хомсдлын улмаас амь насанд нь эрсдэл учраад байгаа эрдэнэт хүний амийг аврахаар цуглаад байна” гэв.
 
Байнгын донорын тоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ эхийн сэтгэлээр  өгөх хайрыг эн тэргүүнд тавьдаг Бурханы сүмийнхэнтэй ЦССҮТ-ийн ажилтнууд хамтарч ажиллахад урамтай байдаг хэмээж байв.
 
Хүний амь аварч, Бурханы хайрыг бусдад хүргэсэндээ сүмийн итгэгчид баяртай байгаагаа хэлж байв. Бурханы сүмийн итгэгч Б.Мөнхтуяа, “Христ 2000 жилийн өмнө хүн төрөлхтний нүглийн төлөө өөрийн ариун цусаа урсгаж байсан. Энэ үнэт цусаа хэн нэгний амийг аврахын төлөө хандивлана гэдэг бол маш агуу юм. Манай Бурханы сүмийн итгэгчид сайн мэдээ түгээхээс гадна нийгэмд сайн дурын ажил хийдэг. Цусаа өгч байгаа явдал бол хүнд хайр өгч байна гэсэн үг. Авах хайраас өгөх хайр нь илүү ерөөлтэй гэдэг. Тиймээс залуучуудыг цусаа хандивлан хүний амь аврах энэхүү аянд оролцоосой гэж хүсч байна” гэв. Сүмийн итгэгч Ц.Батмөнх, “Би 2005 оноос хойш 92 удаа цусаа хандивласан. Энэ хугацаанд нийт 300 гаруй хүний амийг аварсан.Бид бурхнаас ерөөл авч амьдарч байгаа учраас цусаа хандивлаж бурхандаа бэлэг барьж байна” гэлээ.
 
Энэ үеэр ЦССҮТ-өөс донорын хөдөлгөөнд идэвхтэй оролцсон хүмүүсийг урамшуулж уламжлал ёсоор 15 донорт шагнал гардуулав.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг