sonin.mn
 
 
Зам, тээврийн яамнаас томилогдсон ажлын хэсэг “УБТЗ” Хувь нийлүүлэх нийгэмлэгийн “Сүхбаатар” өртөөнөөс “Алтан булаг чөлөөт бүс”-ийн эзэмшлийн талбай хүрэх салбар төмөр зам барих техникийн нөхцөл, боломжийг судалжээ.
Ажлын хэсэг хоёр нөхцлөөр хайгуул судалгаа хийж, тохирох хувилбарын дагуу зам салаалан салбар төмөр зам барих боломжтой гэж дүгнэсэн байна. Түүнчлэн Зам, тээврийн хяналтын хэлтсээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төмөр замын цехийн дохиолол холбооны байгууламж, түүнд засвар, техникийн үйлчилгээ хийх үйл ажиллагаанд хяналт тавьжээ. Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төмөр замын цехэд өмнө нь өгсөн албан шаардлагын биелэлт 67.6 хувь буюу илэрсэн зөрчлийг хангалттай арилгаагүй гэсэн дүгнэлт гарсан аж. “Эрдэнэт үйлдвэр”-ийн төмөр замын суман шилжүүлгийн металл эд ангиудыг солих, хугацаа хэтэрсэн модон дэрийг шинэчлэх шаардлагатай болсныг албаныхан дуулгалаа. Харин “УБТЗ” ХНН-ийн Чойр зангилааны аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тавьсан хяналтаар 11 зөрчил илэрсэн байна. Уг зөрчлийг тодорхой хугацаанд арилгах албан шаардлага хүргүүлжээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг