sonin.mn
 
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудын ажил гүйцэтгэгчид тодорлоо. Хотын дарга төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжилж, шалгарсан компанид сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг баталсан загварын дагуу байгуулах эрх олгов.
Дээрх эрхийг 7 компани авсан бөгөөд Баянгол дүүргийн 1, 4, 20 дугаар хорооны 26 барилгын төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах юм. Тухайлбал, “Тэргүүн чансаа” ХХК Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 17, 18, 20 дугаар байр, “Алтан трейд” ХХК 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 13, 14, 15, 16 дугаар байр, “Фүжи холдинг ББСБ” ХХК  1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 10, 11, 12 дугаар байр, “Эйч энд Эйч” ХХК  4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 4, 5, 6 дугаар байрны барилгажилтын ажлыг тус тус гүйцэтгэхээр боллоо. Мөн “Эм Ар Эс Ди” ХХК Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 7, 8, 9 дүгээр байр, “Сити палас” ХХК 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 1, 2, 3 дугаар байр, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12, 30 дугаар байрны барилгажилтын төсөл хэрэгжүүлэгчээр “Молор констракшн” ХХК ажиллах юм байна. Улаанбаатар хотын Ерөнхий архитектур Н.Нацагдорж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах аж.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг