sonin.mn
 
 
 Италийн өмнөд нутагт чидун жимсний модонд нянгийн гаралтай халдварт өвчин тархаж байгааг зогсоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.
“Xylella fastidiosa” гэх нян халдварласан хэдэн мянган модыг Италийн ойн албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногоос тайрч эхэлжээ. Хэдэн зуун жилийн настай зарим чидун жимсний төглийг огтлохыг тус улсын фермерүүд эрс эсэргүүцэж байна.
 
Ийм нянгийн халдвар авсан мод нь ус шингээж авах чадваргүй болж, улмаар шингэний дутагдалд орон хатаж үхдэг аж.
 
Энэ нян хоёр жилийн өмнөөс Италийн Апулия мужид тархаж эхэлсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын Засгийн газар байгаль орчны онцгой байдал зарлаж, нянгийн халдвар авсан байх магадлалтай модыг устгах зөвшөөрөл өгөхийг Европын Холбооноос хүсчээ.
 
Тус муж нь Италийн чидун жимсний тос үйлдвэрлэлийн хамгийн том төв бөгөөд бүтээгдэхүүний 40 хувийг нийлүүлдэг аж.
 
Чидун жимсний төглийн нийт талбайн 13 хувь буюу бараг нэг сая модонд энэ нян халдварлажээ.
 
Энэ нян улс оронд нь нэвтрэн тархаж болзошгүй хэмээн чидун жимсний үйлдвэрлэл эрхэлдэг хөрш улсууд, тэдгээрийн дотор Испани, Грек болон Францын иргэд санаа зовниж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг