sonin.mn
 
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
 
Уг хуулийн төслийг албан бусаар бол хуулийн тухай хууль ч гэж ярьж буй. Учир нь хууль боловсруулах, өргөн мэдүүлэх, хэрэгжилтийг хангуулах зэрэг хууль тогтоомжийн бүхий л шатлалыг энэ хуулиар хуульчилж, нэг үгээр бол стандарттай болгож байгаа юм. Хууль батлалцдаг УИХ-ын гишүүдээс энгийн иргэд хүртэл өнөөгийн сахин хэрэгжүүлж буй хуулиудын давхардал их эсвэл амьдралд хэрэгждэггүй, мөн ойр ойрхон нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр эрхзүйн орчныг тогтворгүй болгож байна гэх шүүмжлэлийг хэлсээр байгаа юм.
 
Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Батчимэг өмнөх хуулийн хэрэгжилтийн үр дүнгээс хамаарч шинэ хууль боловсруулах эсэхийг шийддэг байх хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа. Өмнө нь баталж гаргасан хуулийн аль заалт нь сайн, эсвэл хэрэгжихгүй байгааг судалдаг буюу өөрөөр хэлбэл судалгаанд тулгуурлаж хууль эрхзүйн орчныг өөрчлөх асуудлыг ярьдаг байх нь зүйтэй. Өнөөдөр мэргэжлийн судлаачид, мэргэжлийн холбоод зохих түвшинд ажиллаж байгаа ч хууль боловсруулах үйл явцад татан оролцуулдаггүй, нэг ёсондоо тэдний хүчийг төр ашиглахгүй байна гэж тэрбээр хэлсэн юм. Үүний зэрэгцээ олон улстай харилцах харилцаа жилээс жилд нарийсаж байгаа энэ үед хуулиа олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй уялдуулдаг байх хэрэгтэй гэлээ. Энэ үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар хураалт явуулсаны дотор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, "Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хууль гэх нэршил урт байна. Хууль тогтоомжийн тухай хууль гэж нэрлэе" гэсэн санал дэвшүүлсэн. Х.Тэмүүжин гишүүний гаргасан саналыг гишүүд дэмжсэнээр уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өндөрлөв.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг