sonin.mn
 
"Оюутолгой" ХХК, Өмнөговь аймгийн Ханбогд сумтай 30 жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол Даланзадгад хотод болов.
Гэрээнд Оюутолгой компанийг төлөөлж тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрью Вүдлей, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Иргэдийн хурлын дарга Т.Батчулуун, Ханбогд сумын Засаг дарга Т.Баян-Өлзий нар гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах гэрээний хүрээнд усны менежмент, байгаль орчныг хамгаалах менежмент, уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежмент, үндэсний түүх соёл ба аялал жуулчлал, нийгмийн суурь үйлчилгээ, орон нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа зэрэг найман чиглэлээр ажиллахаар тусгажээ. Түүнчлэн нийтийн зориулалттай дэд бүтэц буюу хот байгуулах шаардлагатай инженерийн шугам сүлжээний ажлууд өрнөх юм байна. “Хөгжлийг дэмжих сан”-г шинээр байгуулан дээрх ажлуудыг санхүүжүүлэхээр болжээ. Уг санд Оюутолгой ХХК-иас жил бүр таван сая ам. доллар шилжүүлэхээр тогтжээ. Энэхүү хамтын ажиллагааны гэрээг 30 жилийн хугацаанд мөрдөж цаашид сунгах нөхцлөөр байгуулсан байна.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг