sonin.mn
 
Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах 100 дахь хагалгааг УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн хамт олон өнөөдөр амжилттай хийж байгаатай холбогдуулан тус эмнэлгийн дэргэд дурсгалын цогцолбор хөшөөний шав тавих ёслол болов.
 
 
Монгол Улс тэр дундаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг Москвагаас Бээжин хүртэл Төв Азийн нутагт эрхтэн шилжүүлэн суулгах гурван технологийг зэрэг нутагшуулж чадсан ганц улс орон, эмнэлэг болжээ.
 
Энэхүү ёслолд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, Клиникийн нэгдүгээр эмнэлгийн дарга Б.Бямбадорж, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн шагналт, доктор Д.Нямсүрэн, Монголд бөөр шилжүүлэн суулгахад үнэтэй хувь нэмэр оруулсан Английн профессор М.Слапак тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.
 
Монгол Улсын ууган эмнэлэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнгийг тодорхойлж, хэзээд анхдагч, манлайлагч байхаар алсын хараатай ажиллаж ирсээр 2015 онд түүхэн 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэхүү ойн жилдээ эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр “Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа 100+” “Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын 2-р наадам”, “Донорын тухай хуулийг шинэчлэн боловсруулах”, “Евро-Азийн бүсийн эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын эрдэм шинжилгээний чуулган” зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
 
УНТЭ нь 2006 оны наймдугаар сарын 9-ний өдөр Эрхтэн шилжүүлэх үндэсний багийнхан анхны бөөр шилжүүлэх мэс заслыг амжилттай хийсэн түүхтэй бол өнөөдөр 100 дахь хагалгааг амжилттай хийгээд байна. Тус эмнэлэг эмч нараа Англи, Хятад, БНСУ, Тайланд, Финланд зэрэг оронд сургаж туршлагажуулснаар өнөөгийн амжилтад хүрэхэд ихэд нөлөөлсөн бөгөөд тус эмнэлгийн хамт олон Английн профессор М.Слапакын оруулсан хувь нэмрийг онцгойлон өндөр үнэлж байв.
 
2015 онд УНТЭ-т бөөр шилжүүлэн суулгах 100 дахь хагалгаанаас гадна 20 дахь элэг шилжүүлэн суулгах хагалгаа, хоёр дахь ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийхээр төлөвлөжээ. Москвагаас Бээжин хүртэл Төв Азийн нутагт эрхтэн шилжүүлэн суулгах өндөр технологийг гурвууланг нь зэрэг нутагшуулсан улс орон байхгүй. Тус эмнэлгийн хамт олон орчин үеийн өндөр технологиудыг нэр төртэй эзэмшин, авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ технологийг нутагшуулахад Англи, БНСУ-ын олон эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөр зүтгэл шингэсэн билээ. УНТЭ-ийн хамт олон цаашдаа ч иргэдийнхээ эрүүл мэнд, урт наслалтыг дэмжихэд шинжлэх ухаанд гарч буй технологийн дэвшлийг нэвтрүүлэх, нутагшуулах асуудал чухал байгаа учир бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ илэрхийлж байв.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг