sonin.mn
 
 
 
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
 
-Тавантолгойд хөрөнгө оруулах гэрээний төслийг УИХ буцаачихлаа. Энэ төслийг явуулахгүй байх сонирхол байх шиг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
 
-Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслийн талаар олон удаа байр сууриа илэрхийлж байна. Өнөөдрийг хүртэл өрнөсөн үйл явдалд дүгнэлт өгч, ямар ямар алдаа гараад байгааг хэлье.
 
Нэгдүгээрт, Тавантолгойн гэрээг Засгийн газар өргөн бариагүй байхад УИХ-ын Тамгын газраас гишүүдэд Тавантолгойн гэрээний төслийг тарааж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) гурван гишүүн болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар тус бүртээ өөр байр суурь илэрхийлчихлээ. Үүнд би их харамсаад байгаа юм. Учир нь улс орны томоохон асуудлаар бодлого гаргадаг Монголын төрийн ёс жаяг алдагдлаа гэж харж байна. Өмнө нь ийм том асуудлаар төрийн шийдвэр хэрхэн гарч байсан, яаж гарах ёстой вэ гэдгийг товчхон тайлбарлая. Мэдээж эхлээд хэлэлцээр хийнэ, дараа нь хэлэлцээрийн үр дүнг Засгийн газар хурлаараа хэлэлцэнэ. Гэрээг болж байна гэж үзвэл Засгийн газар гэрээний төслийг ҮАБЗ-д өргөн барьж шийдвэр гаргуулна. Үүний дараа УИХ-д өргөн барих ёстой юм. Урьд өмнө нь “Оюутолгой” болон “Тавантолгой” төсөл ингэж л явж ирсэн. Гэтэл яагаад ч юм Тавантолгой дээр энэ процесс дуусаагүй байхад улс төр өрнөчихлөө л дөө. Төрийн шийдвэр гаргадаг эрэмбэ дараалал алдагдаж байна.
 
Хоёрдугаарт, “Тавантолгой” төслийг яг ямар асуудлын хүрээнд УИХ-аар хэлэлцэж ямар шийдвэр гаргах ёстой вэ гэдгийг УИХ-ын дарга, Тамгын газар, Засгийн газар ч ойлгоогүй байна. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд л ярилцах ёстой. Түүнээс биш 2013 онд АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар байгуулагдсан Өргөдлийн байнгын хорооны бичгээр Тавантолгойд хандаж болохгүй л дээ.
 
Гуравдугаарт, Тавантолгойн асуудлаар ямар нэгэн алсын хараагүй, “тулга” тойрсон хэрүүл л хийгээд байна. Нүүрсээрээ, бас коксжих нүүрсээрээ дэлхийд өрсөлдөх асуудал хаана байна, хэн ярьж байна вэ. Биднийг хэрэлдэж, хоёр сая хүний гарын үсэг цуглуулж байх хооронд өрсөлдөгч бусад орнууд улам бүр тасраад явлаа шүү дээ. Нүүрсний зах зээл дээр Австралийн эзлэх байр суурь улам бэхжиж, дээшилсээр, манай Монголын байр суурь суларч, доошилсоор байна даа.
 
-Олон нийт ҮАБЗ-ийн гишүүдийг хувийн эрх ашгийн төлөө зөрөлдөөд байна гэж хардаж байгаа. Ийм шалтгаан байж болох уу?
 
-Монголын төлөө гэсэн нэг л эрх ашиг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт байх ёстой. Түүнээс биш, Тавантолгойд хөрөнгө оруулах гэрээнд Ардчилсан намын дотоод зөрчил, хувийн эрх ашиг, хэн нь том дарга вэ гэдгээ харуулах гэсэн оролдлого байх ёсгүй. Энэ гурван хүн гурвуулаа АН-ын гишүүд. “АН ч төр барих чадваргүй дээ” гэж олон нийт ярьж байна. Ингэтлээ төрийг дампууруулж болохгүй биз дээ, энэ хэд. Чаддаг юм бол хоорондоо ойлголц, чаддаггүй юм бол огцрох өргөдлөө өг гэж энэ хүмүүст хэлмээр байна. Монгол Улсын хөгжлийг хойш татах шаардлагагүй. Хайран цагийг дэмий үрж байна.
 
-Тавантолгойн ордыг хувийн хэвшлийнхэнд хариуцуулсан нь зөв үү. Зарим хүн том ордыг MCS-ийн Ж.Оджаргалд “бэлэглэчихлээ” гэж ярьж байна.
 
-Тавантолгойд хөрөнгө оруулагчийг тодруулахдаа уралдаант сонгон шалгаруулалт зарласан. Мэдээж сонирхогч хөрөнгө оруулагч нарт тодорхой шаардлага, нөхцөл тавьсан байж таарна. Тэр шаардлага, нөхцлийг хангаж чадна гэж үзсэн хөрөнгө оруулагчид сонгон шалгаруулалтад оролцоно биз дээ. Хангахгүй, чадахгүй гэж үзсэн нь оролцохгүй. Өгсөн материалыг нь судалж үзээд Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шэньхуа” болон Японы “Сүмитомо”-гийн консорциумыг Засгийн газар шалгаруулсан гэж ойлгож байгаа. Тендер зарлачихаад ялагчаа зарлаж чадахгүй байдалд орчихоод байна шүү дээ. Хэрвээ ямар нэгэн компани, тухайлбал MCS хэн нэгэнд таалагдахгүй байгаа бол анхнаасаа тендерийн нөхцөлдөө энэ компанийг оруулахгүй ээ гээд заагаад өгөх хэрэгтэй байлаа. Үгүй бол тэр хүнээс зөвшөөрлийг нь авч ирээд оролцоорой гэж заах ёстой. Хэрвээ ийм шаардлага, нөхцөл анхнаасаа тавиагүй бол одоо олон юм ярих хэрэггүй.
 
-УИХ-ын даргын хуулийн зөвлөх А.Гансүх “Тавантолгой”- д хөрөнгө оруулах гэрээний төслийг маш муу гэж дүгнэсэн. Тэр дүгнэлттэй та санал нийлэх үү?
 
-А.Гансүх бол З.Энхболд гэдэг УИХ-ын гишүүний зөвлөх. Тэр хүн З.Энхболд гэдэг гишүүндээ л зөвлөг. Өмнөх түүхийг нь сөхвөл А.Гансүх “Тавантолгой”- г гацаах байр сууринаас хандаж ирсэн. Тиймээс мэдээж Тавантолгойг явуулахгүй, гацаана гэж л улайрч байгаа нь тодорхой. Би тэр хүнээс дүгнэлт гаргаад өг гэж гуйгаагүй, тэр тусмаа зөвлөгөө авах ч үгүй. Тэр хүн бол нэг л хүнд үйлчилдэг гэдгийг Монгол даяараа мэднэ.
 
-Гэрээг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй байсан уу. Хэлэлцүүлээгүй бол улст өржихгүй байсан юм биш үү?
 
-Угаасаа хэлэлцэх ёстой юм. Тавантолгойн талаар УИХаас 2010 онд гаргасан 39 дүгээр тогтоолд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д танилцуулахыг Засгийн газарт үүрэгдсэн байгаа.
 
-“Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилт гацсан. Ойрын үед яриа хэлцлээ эцэслэж, “Рио Тинто” групп Монголын Засгийн газрын төлөөлөл баталгаажуулж гарын үсэг зурна гэж байна.
 
-“Оюутолгой”-г муулсан хүн “моодонд” ордог болжээ. Харин би Оюутолгой төслийг дэмжиж хэдэн үг хэлмээр байна. Энэ бол сүүлийн 25 жилд Монголд орж ирсэн хамгийн том хөрөнгө оруулалт. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал дэлхийд эхний гуравт орох зэсийн уурхай. “Оюутолгой”- н 34 хувийг монголчууд бид эзэмшиж байгаа. Зэсийн уурхай дунджаар 30 жил ажилладаг бол Оюутолгойн ордыг 90 жил ашиглана. Энэ төсөл 2100 он хүртэл Монголд ач тусаа өгнө. 2014 онд үйлдвэрлэлээрээ “Эрдэнэт”- ийг давлаа. Гурван хоногийн өмнө “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэр хамтарч ажиллана гээд гэрээ зурж харагдана лээ. Сайхан сэтгэгдэл төрсөн шүү. “Монголд үйлдвэрлэв” гэсэн зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаа “Оюутолгой”-гоо дэмжээч, урам өгөөч гэж жинхэнэ эх оронч нарт хэлмээр байна. Том хөрөнгө оруулагчдыг байнгын айдас, эрсдэл, болгоомжлолтой байлгаж болохгүй биз дээ. Хуурамч эх орончид яахаа өөрсдөө мэдэг. Үйл ажиллагаагаа явуулаад ганц жил болж байхад нь тэднээс их мөнгө нэхэж, шаардах нь хэтэрхий туйлширсан хэрэг. Төлөх ёстой татвараа хуулийн дагуу төлөөд л явж байг.
 
-Гэхдээ зарим хүмүүс их л шүүмжилж байгаа шүү дээ?
 
-90 жил ажиллах уурхай гэж үзээд 90 наслах хүнтэй адилтгаж үзвэл Оюутолгой нэг настай хүүхэд л гэсэн үг. Нэг настай хүүхдэд эцэг эхийн хайр хэрэгтэй дээ. “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголд ховор байгаа валютыг олон жил оруулж ирэх “Оюутолгой”-гоо дэмжээрэй гэж олон нийтэд уриалж байна. Хийрхэлд хязгаар байх ёстой гэж үзэж байна. Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр хориод жилийн дараа л ашгаа өгч эхэлснийг энд хэлчихэд илүүдэхгүй байх.
 
-“Оюутолгой”-н хэлэлцээрт орохдоо өмнөх гэрээний зарчмаа баримтлахгүй байгааг Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн ярьсан. Манай тал зарчмаас ухарч, хүртэх үр ашгаа бууруулж болохгүй биз дээ.
 
-Хоёр тал хэр их үр ашиг хүртэх нь зэсийн үнээс хамаарна. Үнийн өөр өөр түвшинд үр дүн өөр өөр л байна. Зэсийн үнэ хямд байвал үр ашиг бага л байна гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал, зэсийн үнэ, зах зээлийн нөхцөл байдал гээд олон зүйл гэрээнд нөлөөлж болно. Асуудалд бодитоор хандах хэрэгтэй л дээ. Талууд байнга ярилцаж, ойлголцож, асуудлаа шийдэж байх нь хөгжил дэвшилд хэрэгтэй гэж би үздэг.
 
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулна, ингэхдээ татвар бууруулна гэх дам яриа тэнэж явна. Энэ талаар олж сонссон уу?
 
-Ийм зүйлийг нүдээрээ үзээгүй. Гэхдээ худлаа гэж бодож байна. Татварын хувь хэмжээг өөрчлөх эрх зөвхөн УИХ-д бий.
 
-“Оюутолгой”-н хэлэлцээрийн үр дүнг “Тавантолгой”- нх шиг УИХ-аар оруулж ярилцах шаардлагатай юу?
 
-Ер нь цаашдаа иймэрхүү гэрээнүүдийг Засгийн газар нь хийгээд явах нь зөв гэж би боддог. Хэрвээ Оюутолгойд үйлчилдэг бол Монголын бусад аж ахуйн нэгжид ч үйлчилдэг байх ёстой гэж холбогдох хууль журмаа УИХ баталж явах хэрэгтэй. Хөрөнгө оруулалттай холбоотой хуулийг хэн дуртай нь өөрчлөөд байдаггүй, тогтвортой үйлчилдэг байгаасай гэж хүсэж байна.
 
-“Оюутолгой” болон “Саусгоби сэндс” компанитай татварынхан маргаан үүсгэсэн. Татварын зохицуулалтаа хөрөнгө оруулагчдад ойлгомжтой болгож засахгүй бол сөргөөр нөлөөлөх нь. Татварын зохицуулалтыг хэрхэх нь зүйтэй вэ?
 
-“Оюутолгой” ч тэр, “Саусгоби сэндс” тэр татварын маргаантай байгаа. Одоогийн хуулийн заалтууд олон салаа утгатай байгаагаас маргаан үүссэн гэж ойлгож байна. Тиймээс яаж ч мушгиж тайлбарлаж болдог хуулийн заалтуудаа цэгцэлмээр байна. Ялангуяа, татварын хуулиудыг дагаж мөрдөх журам, гарын авлагыг олон улсын стандартад нийцүүлэн гаргах хэрэгтэй. Дүрэм, журам, гарын авлага нь энгийн ойлгомжгүйгээс мөрдөн байцаах байгуулагад 3000 аж ахуйн нэгж шалгуулж байна. Хөрөнгө оруулагчдаа буруутгахаас өмнө дүрэм, журмаа боловсронгуй болгох хэрэгтэй.
 
-Хоёр том төслийн бүтээн байгуулалт эхэлбэл эдийн засагт ямар нөлөө үзүүлнэ гэж та төсөөлж байна вэ?
 
-Би Монгол Улсынхаа ирээдүйг үргэлж эерэгээр төсөөлж явдаг. Бүх талын эерэг нөлөө үзүүлнэ. Бүгдийг нь тоочвол сонины зай багадах байх.