sonin.mn
 
 
Батлан хамгаалахын сайдын зэвсэгт хүчнийг чадваржуулах, зэвсэг техникийг шинэчлэх, аж ахуйн зохион байгуулалт, материал хангалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид урлаг, спортын сургалтын төв барихаар болжээ. Барилгын шав тавих ёслол өнгөрсөн лхагва гаригт Зэвсэгт хүчний 120 дугаар ангид болсон юм.
 
Шав тавих ёслолд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Д.Даваа, Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа О.Баянжаргал нарын албаныхан оролцсон. Энэ ангийн урлаг, спортын танхим нь 1957 онд баригдсан барилга учраас үйл ажиллагаа явуулж ашиглах боломжгүй болоод байсан юм. Тиймээс Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн нэгдүгээр сард энэ ангид ажиллахдаа урлаг, спортын сургалтын төв барих шийдвэр гаргасан юм. Энэхүү цогцолбор барилгад Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхнаас гадна Сонсголон дахь Зэвсэгт хүчний ангиуд бэлтгэл сургуулилтаа базааж, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах боломжтой болж байгаа юм. Барилгыг Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийнхан барих бөгөөд тэд хоёр сарын хугацаанд ажлаа гүйцэтгэж дуусахаар төлөвлөжээ. Тодруулбал, ирэх долдугаар сард энэ барилгыг ашиглалтад оруулах  юм байна.