sonin.mn
 
Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Дэлхийн номын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2015.04.23/ “Номын өдөрлөг”-ийг Төрийн ордонд зохион байгуулж байна.
 
“Номын өдөрлөг”-ийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэлэв. Тэрээр төрийн дээд институциуд, төрийн албан хаагчдад шинээр хэвлэгдсэн ном товхимолуудыг  сурталчлан танилцуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар, номын худалдаа эрхлэгч, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газруудтай хамтран 5 дахь жилдээ энэ арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж буйг онцлов.
 
Уг арга хэмжээний хүрээнд Америкийн Монгол судлалын төвөөс англи хэлээр хэвлэгдсэн хууль эрх зүй, эдийн засаг, маркетинг, менежмент болон бусад шинжлэх ухааны 163 нэрийн 430 гаруй номыг  УИХ-ын Тамгын газрын номын санд хандивлах ёслол болсон юм. Америкийн Монгол судлалын төвийн Монгол дахь суурин захирал Марк А.Тассэ энэ үеэр Монгол Улс бичиг үсэг тайлагдсан хүмүүсийн тоо болон дунд сургууль төгсөгчдийн тоогоороо дэлхийд дээгүүр ордог болохыг онцлоод, тус төвөөс сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол Улсын 500 гаруй номын санд 60.000 гаруй ном хандивлаад байгаагаа танилцуулсан юм.
 
Төрийн ордонд болж буй “Номын өдөрлөг”-т хэвлэл, номын худалдаа эрхлэгч 9 байгууллага оролцож, шинээр хэвлэгдсэн ном товхимолуудыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
 
1995 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас /ЮНЕСКО/ 04 сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон тунхаглаж, жил бүр тэмдэглэж иржээ. Энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, олон нийтэд ялангуяа хүүхэд залуучуудын дунд ном уншихын ач холбогдлыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор дэлхийн 100 гаруй орон тэмдэглэдэг байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.