sonin.mn
 
Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд УИХ-д өргөн барьсан болон өргөн барихаар зэхэж буй хуулиудын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, “Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийг УИХ-аар эхний ээлжинд хэлэлцүүлж байна. Энэ хуулийг хамгийн эхний ээлжинд явуулж байгаа нь урьд нь хууль боловсруулалтын шатанд гаргаж байсан алдаануудаа давтахгүйн тулд хуулийн төслийг батлуулах шаардлагатай болсон юм. Үүний дараагаар Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийг эцэслэн боловсруулсан. Эдгээр хуулийг баталснаар ямар хэргийг гэмт хэрэг гэж үзэх вэ, ямарыг нь зөрчил гэж үзэх вэ, ямар хэрэгт ял оноохын, ямар нөхцөлд хөнгөлөх, ял эдлүүлэхдээ ямар журмаар эдлүүлэх гэдэгт зарчмын өөрчлөлт гарна. Эдгээр хуулиа дагаад дээрх хуулийг хэрэгжүүлдэг байгууллагуудын хуулинд багц өөрчлөлт орж, Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Тахарын албаны тухай хууль шинэчлэгдэнэ.
 
Салбарын эдгээр том хууль дотор Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн нэг хууль явж байгаа. Өмнө нь согтууруулах ундааг зарж борлуулах цэгийг тухайн бүс нутаг дахь хүний тооноос хамаарч тогтоодог байсныг орон нутаг өөрсдөө шийдвэрлэдэг байхаар тусгаж өглөө. Хоёрдугаарт нь согтууруулах ундаагаар үйлчилдэг цагийг орон нутгийн хурлын байгууллага тогтооно. Архины градусыг бууруулах хүрээнд өндөр градустай архи үйлдвэрлэж байгаа бол татвар өндөр байх, согтуурлын зэрэг багатай архи үйлдвэрлэж байгаа бол бага татвар оногдуулдаг байхаар өөрчлөлт оруулж байна. Түүнчлэн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Ингэснээр эрүүгийн шинжтэй болон эдийн засгийн шинжтэй хоёр бүлэг хууль орж ирж байгаа гэсэн үг юм.
 
Үүний зэрэгцээ Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Хохирлын сангийн тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай, Мөрдөх албаны тухай, Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ойрын үед УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ. Энэ үеэр салбарын сайд өргөн барихаар зэхэж буй хуулиудын зарим зүйл заалтыг задалж ярьсан. Үүнд, Дотоодын цэргийн хуулийг онцолсон. Сайд ярихдаа, "Дотоод цэрэг татан буугдсан. Үүнийг Ерөнхийлөгч болон ҮАБЗ дээр тогтож ярьсан. Дотоодын цэрэг гэдэг байгууллага бол байх ёстой. Хүнд байдаг эрхтэний нэгэн адил. Төрд байх ёстой нэг "эрхтэн" яах аргагүй мөн. Гэхдээ цагдаагийн бүрэлдэхүүнд байхгүй дээр үеийнх шиг Хилийн ба дотоодын цэрэг гэж байсан. Түүнтэй адил зарчмаар дахин байгуулах хуулийн төсөл явж байгаа" гэв.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг