sonin.mn
 
“Оюу толгой” компани энэ оны 1 дүгээр улиралд 66.4 сая ам.долларын татвар, төлбөр төлж, 78.3 сая ам.долларыг дотоодын худалдан авалтад зарцуулжээ. Үүний 14.1 сая ам.долларыг Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд зарцуулсан хэмээн тайландаа дурджээ.
Түүнчлэн ил уурхайд авч хэрэгжүүлсэн бүтээмжийг дээшлүүлэх санаачилгын үр дүнд 1 дүгээр улирлын байдлаар олборлосон хүдрийн хэмжээ өнгөрсөн улирлаас  16 орчим хувиар өндөр гарсныг тус компаниас онцоллоо. Мөн энэ улиралд боловсруулсан хүдрийн агуулга нь өнгөрсөн оны 4 дүгээр улиралтай харьцуулбал  бага үзүүлэлттэй гарчээ.
 
Оюутолгой төслийн энэ оны үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх онтой ойролцоо байх төлөвтэй гэдгийг удирдлагууд нь мэдэгдэж байна.  Харин энэ оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэхээр байгаа аж. “Оюу толгой”-н үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд тусгаснаар оны эцэс гэхэд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт бүхий баяжмал үйлдвэрлэх төлөвтэй байгааг албаныхан дуулгалаа.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг