sonin.mn
 
ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй албаны хүмүүс Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар суманд гарсан ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж үндэсний үйлдвэрлэгчдийн тусламжийг хүргэв.
Энэ сарын 18-нд Дорнод аймгийн Дашбалбар хилийн застав, Баян-Уул сумын хилийн 0275-р ангийн Ульхан заставаар ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн. Өнөөдрийн байдлаар Баян-Уул сумын орчимд дэгдсэн ой хээрийн түймэр  томоохон бүсийг хамарч, Царам, Цагаан тэмээ, Зүрхний даваанд ой модонд асч буйг албаныхан хэллээ.  Харин Дашбалбар сумын түймрийг өчигдөр бүрэн унтрааж цурманд оруулсан гэсэн сайн мэдээ байна. Дээрх хоёр түймрийг унтраахаар нийслэлийн болон аймгийн онцгой байдлын алба хаагчид, цэргийн анги, нутгийн иргэд долоо хоногийн турш ажиллаж байгаа юм. Тэдний галтай тэмцэх хамгийн гол багаж нь үлээгч аппарат бөгөөд энэ нь шатахуунаар ажилладаг. Иймд аймаг, сумын нөөц сангаас гаргасан шатахууны нөөц дуусч , ШТС-уудаас зээлээр авч байгаа хүндхэн үед ХХААЯ-наас 18 сая төгрөгийн бэлэн мөнгөн тусламж үзүүлж байгаа нь нүдээ олсон хэрэг боллоо гэж сумын удирдлагууд онцолжээ. Мөн хүнсний үйлдвэрүүдээс цагаан будаа, гоймон, овьёос, гурил, дөрвөн төрлийн малын эм бэлдмэл бүтээгдэхүүн өгсөн нь тэвдэж байх үед сэтгэлийн дэм болж буйг нутгийн иргэд талархан хүлээж авсан байна. 
Одоо түймрийн нөхцөл байдал салхинаас хамаарч байна. Түймрийн голомт бүхий сумдад 25 метр секундийн салхитай байгаа тул хэдий цурманд оруулсан ч хилийн хэсгээр ОХУ-ын талд түймэр намжаагүй ой модондоо асч буй тул салхины аясаар байнга орж ирж байгааг албаныхан мэдэгдлээ. Тиймээс хилийн зурвас дээр галыг намжаах арга хэмжээ авч байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг