sonin.mn
 
Хятадын хойд нутагт орших Шаньси муж дахь усанд автсан уурхайд ажиллаж буй аврагчид дахин 5 цогцос илрүүлснээр уурхайн ослын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 21 болжээ. Энэ тухай Хятадын төв телевиз мэдээллээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, ослын улмаас уурхайн гүнд 24 хүн боогдсон ба тэднээс гурвыг нь аварч чаджээ. Амиа алдсан уурхайчдын цогцсыг бүгдийг нь олж илрүүлсний дараа аврах ажиллагааг зогсоосон байна.
 
"Зянзявань" нүүрсний уурхай өнгөрсөн ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 19-нд усанд автжээ. Осол болох үед уурхайн гүнд 247 хүн байсны 223-ыг нь гаргаж чадсан байна. “Datong Coal Mine Group” компанийн эзэмшилд байдаг энэ уурхайгаас жилд 900 мянган тонн нүүрс олборлодог аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг