sonin.mn
 
 Европын Холбооноос /ЕХ/ гаргасан монополийн эсрэг хууль дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр Европын Комиссын зүгээс Оросын төрийн мэдлийн “Газпром” компанитай холбоотой гомдлыг албан ёсоор гаргалаа.
Албаны хүмүүсийн хэлснээр бол, ЕХ-ны гишүүн найман улс, тэдгээрийн дотор Польш, Болгар болон Балтын тэнгисийн гурван улсын байгалийн хий нийлүүлэлтийн зах зээл дэх өрсөлдөөнийг “Газпром” хязгаарлаж байгаа аж.
 
Тус компани байгалийн хийг хил давуулан дамлаж, эдгээр найман улсын тавд нь байгалийн хийг илүү их үнээр нийлүүлж байна гэж тэд хэлээд " энэ бол ЕХ-ноос гаргасан дангаар ноёрхохын эсрэг дүрэм журмыг зөрчиж буй хэрэг" гэж мэдэгдлээ.
 
ЕХ “Газпром”-ын тухайд дөрөвдүгээр сарын 22-нд гомдол гаргасан байна. Тус компани тухайн гомдолд 12 долоо хоногийн дотор хариу өгөх ёстой. Хэрвээ буруутай нь тогтоогдвол тухайн компанид их хэмжээний торгууль ногдуулах аж.
 
Харин “Газпром”-ын захиргаа ЕХ-ны дээрх мэдэгдлийг няцааж, ямар ч ор үндэслэлгүй гүтгэлэг хэмээн мэдэгдлээ.
 
Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар “Манай компани олон улсын бүх хууль, дүрмийг хүндэтгэн сахидаг” гэжээ.
 
Украины асуудалтай холбоотойгоор ЕХ болон ОХУ-ын хооронд үүссэн хурцадмал байдал улам бүр даамжирсаар байна. Монополийн эсрэг журмыг зөрчсөн гэх дээрх гомдол байдлыг улам хурцатгаж болзошгүй юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг