sonin.mn
 
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай аж ахуйн нэгж шалгаруулах уралдаан зарлалаа.
Уг уралдааныг есдүгээр сарын 25 хүртэл зарлаж буй бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулахад чиглэжээ.
 
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа ярихдаа, “Уралдаан таван сар үргэлжлэх бөгөөд нийслэлээс 52 ажлын хэсэг гарч, дүүргүүдийн аж ахуйн нэгж байгууллагуудын тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээний ажилтай танилцаж тогтмол хяналт тавина. Шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгжийг худалдааны салбарт 7 ангиллаар 22 төрлийн номинаци, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 4 ангиллаар 16 төрлийн номинаци, Хүнс, хөнгөний үйлдвэрлэлийн салбарт 4 ангиллаар 8 төрлийн номинаци, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт 13 ангиллаар 17 төрлийн номинаци, төрийн болон төрийн бус байгууллага, бусад салбарт 13 ангиллаар 24 төрлийн номинаци,нийт 41 ангиллаар шалгаруулалт явуулна. Ажлын хэсэг хариуцсан хороодын байгууллага, аж ахуйн нэгжийг 14 хоногт нэг удаа шалгаж дүн мэдээг фото зургаар баримтжуулна. Уралдаанд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, банк санхүү, худалдаа, үйлчилгээ зэрэг бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэн өмчийн төрөл хэлбэр харгалзахгүйгээр хамрагдана” хэмээн ярилаа.
 
Шилдэг тохижилттой байгууллагаар 87 аж ахуйн нэгжийг шалгаруулах бөгөөд тус бүр таван сая төгрөгөөр урамшуулах аж.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг