sonin.mn
 
Засгийн газраас өнөөдөр УИХ-д Тавантолгойн гэрээний төслийг өргөн барьсантай холбогдуулж Монгол Улсын сайд М.Энхсайхан, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Монгол Улсын сайд М.Энхсайхан "УИХ-аас зөвхөн Тавантолгой биш хөрөнгө оруулагчдын итгэлийг татсан шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Өнгөрсөн хугацаанд хэлэлцээний үйл явцыг тухай бүрт Засгийн газар, УИХ, ҮАБЗ-д танилцуулж ирсэн. Засгийн газраас оруулж байгаа материал бол нээлттэй. Бид олон түмнээс нууцлаад байх зүйлгүй, агуулгын тухай болон гэрээний төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлгүүд явна. Гэхдээ бас анхаарах ёстой асуудал байна, гэрээний бэлтгэсэн текст хэлбэрийг ил болгох боломжгүй. Учир нь  хөрөнгө оруулалт хийх гэж байгаа компаниуд Токио, Шанхай, Хонгконгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд учраас хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндлөө гэдэг гомдол гаргах ноцтой байдал бий болзошгүй. Тиймээс бид энэхүү бүх нөхцөл байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг байнга анхааралдаа авч ажиллаж байсныг хэлэх хэрэгтэй. Монголчууд  том төслүүдээ босгох цаг болсон, одоо бүгдээрээ том төслүүдээ хамтдаа босгоцгооё гэж уриалмаар байна" гэв. Тэрбээр мөн “УИХ-ын нээлтийн ажиллагаанаас тоолж эхлэх юм бол цаг хугацаа нэлээд алдсан. Гэхдээ УИХ үүнийг шуурхай журмаар шийдэж өгнө гэж найдаж байна” гэлээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг