sonin.mn
 
 
УИХ-ын Тамгын газраас Дэлхийн номын өдрийг тохиолдуулан өнөөдөр “Номын өдөрлөг”-ийг Төрийн ордонд зохион байгууллаа.
“Номын өдөрлөг”-ийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэлэв. Тэрээр төрийн дээд институциуд, төрийн албан хаагчдад шинээр хэвлэгдсэн ном товхимолуудыг  сурталчлан танилцуулах зорилгоор УИХ-ын Тамгын газраас санаачлан Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар, номын худалдаа эрхлэгч, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газруудтай хамтран 5 дахь жилдээ энэ арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж буйг онцлов. Уг арга хэмжээний хүрээнд Америкийн Монгол судлалын төвөөс англи хэлээр хэвлэгдсэн хууль эрх зүй, эдийн засаг, маркетинг, менежмент болон бусад шинжлэх ухааны 163 нэрийн 430 гаруй номыг  УИХ-ын Тамгын газрын номын санд хандивлах ёслол болсон. Америкийн Монгол судлалын төвийн Монгол дахь суурин захирал Марк А.Тассэ энэ үеэр Монгол Улс бичиг үсэг тайлагдсан хүмүүсийн тоо болон дунд сургууль төгсөгчдийн тоогоороо дэлхийд дээгүүр ордог болохыг онцлоод, тус төвөөс сүүлийн 2 жилийн хугацаанд манай улсын 500 гаруй номын санд 60 гаруй мянган ном хандивлаад байгаагаа хэлсэн юм. Төрийн ордонд болж буй “Номын өдөрлөг”-т хэвлэл, номын худалдаа эрхлэгч 9 байгууллага оролцож, шинээр хэвлэгдсэн ном товхимлуудыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулав.
 
1995 онд ЮНЕСКО-гоос 4 дүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон тунхаглаж, жил бүр тэмдэглэж иржээ. Энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, олон нийтэд ялангуяа хүүхэд залуучуудын дунд ном уншихын ач холбогдлыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор дэлхийн 100 гаруй орон тэмдэглэдэг байна.
 
Б. Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг