sonin.mn
 
Улаанталбайд жагсах Монголын бие бүрэлдэхүүн ОХУ-ын Улаан-Үд хот  хүртэл тусгай автобусаар явж тэндээс ОХУ-ын цэргийн тусгай онгоц хүлээн авах юм байна.
Улаанталбайд жагсах Монголын бие бүрэлдэхүүн ОХУ-ын Улаан-Үд хот  хүртэл тусгай автобусаар явж тэндээс ОХУ-ын цэргийн тусгай онгоц хүлээн авах юм байна.Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр бүрэлдэхүүнийг ОХУ-ыг зорихоос нь өмнө бэлтгэлийн явцтай танилцав. Тэрбээр баярын жагсаалд  оролцогчдод "Дэлхийн орнуудын цэргүүдэд Монгол цэргийн сүр хүчийг гайхуулж, цог золбоолог гэдгээ харуул. Эр цэргийнхээ сүр хүчийг гайхуулах том боломж  та нарын гарт байна" хэмээн захиж, амжилт хүсэв.  Тэрбээр бэлтгэл сайн болсныг ч энэ үеэр онцолж байв.
 
ОХУ нь жил бүрийн тавдугаар сарын 9-нд эх орны дайны ялалтын баярыг уламжлал болгон тэмдэглэж  ирсэн бөгөөд 2010 онд 65 жилийн ойн баярын үеэр дайны үед холбоотон болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын цэргийн бүрэлдэхүүнийг анх удаа урьж оролцуулсан.
 
Харин Монголын цэрэг анх удаа оролцохоор бэлтгэлээ хангаад  ийнхүү ОХУ-ыг зорьж байгаа юм. 
 
Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд 14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөсөн гэх мэдээ байна.
 
Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцох ажээ. Жагсаалыг удирдаж Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд алхах бол Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхана.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг