sonin.mn
 
 Энэ оны нэгдүгээр сард Америкийн агаарын цэргийн хүчнийхэн “Аль-Каида” бүлэглэлд агаараас цохилт өгөх үеэр барьцааны хоёр хүн амиа алдсантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уучлалт гуйлаа.
Обама өчигдөр Цагаан ордонд гэнэтийн хэвлэлийн бага хурал зарлажээ.
 
Түүний хэлснээр, Афганистан болон Пакистан хоорондын хилийн бүсэд агаараас цохилт өгөх үеэр Америк, Италийн барьцааны иргэн амь үрэгдсэн юм.
 
Энэ хоёр хүн хоёулаа Пакистанд хүмүүнлэгийн ажилд оролцож байжээ. “Аль-Каида”-гийнхан Америкийн иргэнийг 2011 онд, Италийн иргэнийг 2012 онд хулгайлж байжээ.
 
Тухайн үед авсан тагнуулын мэдээлэлд тэнд нэг ч энгийн иргэн байхгүй гэж байсан гэж Обама хэлээд, хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
 
АНУ-ын хүчнийхэн Афганистан дахь байлдааны ажиллагаагаа дуусгасан билээ. Гэхдээ тэд нисгэгчгүй нисэх онгоц ашиглах зэргээр террористуудтай тэмцэхэд нь Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхэнд тусалж байгаа юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг