sonin.mn


ШИНЭ-ДЕЛИ. /RIA Novosti/. Балбад газар хөдөлсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 2000-д хүрч нэмэгдэж болзошгүй байгаа тухай телевизийн “NDTV” суваг мэдээлж байна.

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1805 хүн амиа алдаж, 4718 хүн гэмтэж бэртлээ гэж урьд нь мэдээлсэн билээ.

Тус сувгийн мэдээлснээр, Балбын төвийн болон зүүн нутаг газар хөдлөлтөд илүү их өртжээ. Газар хөдлөлтийн төв бүртгэгдсэн бүс нутагт байшин барилгын 90 хувь нь сүйдсэн байна.

Балбын нийслэл Катманду хотын түүх дурсгалын төв болох Дурбар талбай, Дхарахара цамхаг буюу Бхимсен цамхаг, ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад орсон эртний сүм хийдүүд бүрэн сүйджээ. Цамхгийн доороос амиа алдсан 180 гаруй хүний цогцсыг гаргасан байна.

1934 онд болж байсан эмгэнэлт явдлаас хойшхи хамгийн хүчтэй газар хөдлөлтийн уршгийг даван туулахад тус улсын эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгээс тусламж хүсчээ. 1934 онд 8.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 10 мянга гаруй хүн амиа алдаж байв.

Балбад бямба гарагийн өглөө 7.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 06 цаг 11 минутад бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн төв нь тус улсын нийслэл Катманду хотоос баруун урагш 82 км зайтай газар 15 км-ын гүнд байжээ.

Энэтхэг улс аврагчид болон хүмүүнлэгийн тусламж ачсан онгоцоо Балбад илгээсэн байна.

Түүнчлэн НҮБ Балбад тусламж үзүүлэх томоохон ажиллагаа явуулахаар бэлдэж байна. Европын Холбоо ч мөн хүчтэй газар хөдлөлтийн уршгийг даван туулахад тус улсад туслахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. АНУ Балбад аврагчдын багаа илгээж, 1 сая доллар гаргахаа мэдэгдсэн бол Японы эрх баригчид Балбын аврагчдад туслахаар тусгай багаа илгээхээр болжээ.

Хөнөөлт газар хөдлөлтийн уршгийг арилгахад туслахад бэлэн байгаагаа ОХУ-ын Онцгой байдлын яам мэдэгдсэн байна. Тус яам 100 аврагчаа агаарын хөдөлгөөнт эмнэлгийн хамтаар илгээхээр болжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ"